Дүнжингаравын уулзварт гарсан зам тээврийн ослын улмаас дэлбэрэлт болж, Онцгой байдлын гурван албан хаагч амь эрсдэж, 20 гаруй машин, орон сууц шатсан харамсалтай хэрэг гарсан.

Монголын сошиал өнөөдөр энэ дэлбэрэлтээр амьсгалж байна. Хэн нэгэн буруутныг заавал олж тогтоон сошиал “шүүх”-ээр оруулахаар эрээ цээргүй нүдэж эхлэв. Ингэж “таашаал” авдаг хүмүүсийн тоо тийм ч бага биш болсон гэдгийг санахад илүүдэхгүй.

Цагдаагийн байгууллагаас хийн түлш тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн жолооч, 62 настай иргэн Ч.Р болон “Патрол” автомашиныг жолоодож явсан Батлан хамгаалах яамны албаны дарга Э.М нараас мэдүүлэг авсан байдаг.

Хийн түлш тээвэрлэж явсан жолооч Ч.Р-ийг “Оргон зайлж болзошгүй” хэмээн үзэж, сэжигтэнээр 48 цаг саатуулах саналыг Тээврийн прокурорын газраас гаргаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Харин албаны дарга Э.М-ийг саатуулах санал хүргүүлээгүй гэх мэдээлэл байгаа юм.

Нийгэм бүхэлдээ айдас хүйдэст автсан тул заавал буруутныг олж, асуудлыг намжаадаг арга барилаар хуулийн байгууллагынхан ажилладаг болсоор удсан. Ослын буруутан нь 62 настай, иргэн Ч.Р болох магадлал байгаа юм.

Нийгэм бүхэлдээ хангалттай “нүдэж”, өвгөнийг амьд явах аргагүй болтол тэвдүүлсэн. Сэтгэл зүйн асар хүнд дарамтад байгаа нь эргэлзээгүй. Гурвын гурван цэл залуухан эр хорвоог орхиж, олон хүний өмч хөрөнгө үнс нурам болоод байхад үүнд өөрийгөө буруутгаж л суугаа. Дотроо өмөрч, үхэхээс наахнуур бачуурч байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Зарим нь өвгөн үхэж байж хэрэг дуусна гэж эрээ цээргүй бичиж ч харагдав.

Бид ийм л нийгэмд амьдарч байна. Халтиргаатай замд давс бодисоо цацаагүй нийслэлийнхэн, том оврын тээврийн хэрэгсэл багтаж эргэх боломж тааруу зам барьж төлөвлөсөн хот төлөвлөлтийнхнөөс эхлээд буруутнууд байж болох ч нэг өвгөнөөр туг тахиж, бүхнийг үүрүүлээд өнгөрөхөөр шийдчихэв үү.

62 настай тээврийн жолоочийг оргон зайлна хэмээн таслан сэргийлэх гэж зүтгэж эхэлсэн бололтой. Монгол Улс шоронжсон байдлаас гарна гээд баахан цахим гав аваагүй юм уу. Цахим гаваа зүүж дөвчигнөөгүй юм уу. Таслан сэргийлэх арга хэмжээ авч байхаар цахим гаваа зүүлгээд, хянаад, хүссэн цагтаа дуудаж, мэдүүлгээ авч болно доо. Өвгөн жолоочоос илүү Батлан хамгаалах яамны албаны дарга оргон зайлах боломж илүү өндөр баймаар юм.

Үе үеийн авлигач, хулгайч нарын алдаатай бүхнийг ард түмэн өндөр үнээр төлдгийн тод жишээ энэ болж байна. Хуулийн байгууллагынхан нэг өвгөнтэй зууралдаж, бурууг бүгдийг нь тохвол ард түмэн галзуурахад ганц хуруу дутуу байгаа гэдгийг мартаж болохгүй.

Р.ЖАРГАЛ

1 сэтгэгдэл

  1. Тэр Патролын жолооч-БХЯ-ны нэг сагсуу дарганцар гол буруутан болох нь бичлэгээс хэнд ч илэрхий харагдаж байсан шүү дээ. Тэрнийг барьж, хорьж, байцааж, хэний шугамаар тэр албан тушаалд очсон тэрэнтэй нь хамт 3 хүний алтан амь, олон орон сууц шатсан, улсад учруулсан хохиролыг бүгдийг нь төлүүлэх хэрэгтэй. Мөн, тэр 3 талийгаачийн эхнэрүүд нийлж энэ Патролын жолоочоос талийгаачдын амийг нэхэх хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу