Монгол Улсын Их хурын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр (2024.01.24) үдээс хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Түлэнхийн төвд очиж, ослын улмаас түлэгдэж, гэмтсэн хүмүүсийн биеийн байдал, эмчилгээний явцтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.

Тус төвд ослын газар дээрээс урьд шөнө яаралтай тусламжаар 14 хүн ирснээс дөрөв нь харьцангуй хөнгөн бөгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, зөвлөгөө өгөн, харъяа дүүргийнх нь хяналтад шилжүүлсэн байна. Үлдсэн 10 хүний тавыг нь Эрчимт эмчилгээний тасагт авч, эмчилгээ эхлүүлжээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэхдээ “Өдөр нэг хүнийг эрчимт эмчилгээнд шилжүүлснээр яг одоогийн байдлаар 6 хүн Эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээр хүмүүс 80-90 хувийн түлэгдэлттэй, биеийн байдал нь маш хүнд байна. Бүгд амьсгалын аппаратад орсон” гэв.

Ажиллах хүчний хувьд төв эмнэлгээс эрчимтийн мэргэшсэн эмч нарыг татаж ажиллуулж буй юм байна. Мөн Дотрын тасгийн эмч, сувилагч нарыг нэмэлтээр ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зохион байгуулалтууд хийжээ.

ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах эм, тарианы нөөц хангалттай ч түлэгдэлттэй хүмүүст нэн чухал альбумин уургийн бэлдмэлийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар танилцуулсан байна.

ЭМЯ-наас тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, өглөө эрчимт эмчилгээнд нэн шаардлагатай тарианы помп 30 ширхэгийг нийлүүлжээ. Шаардлагатай байгаа уургийн бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэж, хугацаа алдахгүй худалдан авах нөхцөлөөр хангахаар болсон байна.

С.Чинзориг сайд тус төвд ажиллах үеэрээ эмч, мэргэжилтнүүдээс гадна Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, санал, хүсэлтийг нь сонсжээ.

Тэрбээр “Хүнд гэмтсэн ойр дотныхондоо санаа зовсон хүмүүс олноороо эмнэлэг дээр иржээ. Тэдэнд хандаж, өвчтөний сахиурыг ойр ойрхон солилгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихын хамт өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч, аль болох тайван байхыг захилаа.

Хэрэв хэрэгтэй шаардлагатай зүйл гарвал эмч нар, эмнэлгийн удирдлага, ЭМЯ-нд нээлттэй хандахыг ч хэлсэн. Түүнээс гадна эмнэлэг, эмч нарыг ар гэрийнхэнтэй байнгын холбоотой байж эмчилгээний явц, биеийн байдлыг цаг тухай бүрт нь мэдээлж байхыг анхаарууллаа.

Ар гэрийнхний хувьд болсон явдалд харамсаж, ажлаа хийгээд эрүүүл саруул явсан хүн үхэл амьдралын зааг дээр ирсэнд гомдолтой байгаа ч эмч нар, эмнэлгийнхэнд итгэж байна гэсэн.

Харин үүдэнд хэт олон хүн цугласан нь халдвар хамгааллын дэглэм алдагдахаас гадна эмч нарт, сахиуруудад орж гарахад хүндрэл учруулж байгаа тул зохицуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн хүнийхээ төлөө шаналсан, сэтгэл санаа хэцүү байхад хэвлэлийнхэн олууллаа, ирж элдэв зүйл асууж, бухимдал нэмж байна гэж байлаа.

Тэдний зүгээс тавьсан хүсэлтийн дагуу зарим асуудлыг шийдвэрлэж, эмнэлгийн удирдлагад ар гэрийнхэнд зориулан зай талбай томтой өрөө тасалгаа гаргаж өгөх, сахиуруудыг амарч, цай хоолоо идэж уух боломжтой байлгахад анхаарах үүрэг өгсөн.
Мөн хэвлэлийнхэнд өвчтөнүүдийн биеийн байдлын талаар тодорхой мэдээллийг тогтсон цагт эмч нараар өгүүлэх боломжийг бүрдүүлэхээр тохирлоо” гэж хэлэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу