Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын хувцас, хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн хангалтын асуудлаар өнөөдөр (2024.01.25) олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд техникийн хувьд хангалт сүүлийн жилүүдэд харьцангуй өндөр чанартай болсон талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Польш, Беларус, Франц улсуудаас худалдан авдаг, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Тоёота” загварын машинуудаар парк шинэчлэлт хийжээ.

АГААРЫН ХИЙН БАЛЛОН УУШГИНЫ БАГТААМЖААС ХАМААРЧ
40 МИНУТ ХЭВИЙН АЖИЛЛАДАГ

ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.ГАНТӨМӨР:

-Байгууллагын хувцас хангалтыг, техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (тусгай зориулалтын), өдөр тутмын гэж гурав ангилдаг. Одоо хэрэглэж буй ОХУ-аас нийлүүлсэн хувцас +400 градуст тэсвэртэй. Агаарын хийн баллон уушгины багтаамжаас хамаарч 40 минут хэвийн ажилладаг. Мөн энэхүү хамгаалалтын хувцас нийт алба хаагчийн 80 хувьд хангалттай хүрэлцээтэй.

Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хувцасны тухайд улсын төсвийн хэмжээнд худалдан авалтаа зохион байгуулдаг. Өдөр тутмын хувцсыг ч мөн адил. Ингэхдээ тусгай стандарт, мөрдөгдөх журмын дагуу худалдан авалтаа хийдэг. Энд нэг зүйлийг тодотгомоор байна.

Бид өндөр дүнтэй, маш чанартай хувцас, хэрэгсэл авч болно. Гэхдээ энэ хэмжээгээрээ тоо нь буурчихдаг. Тийм учраас бид аль болох Монголын цаг агаарт тохирсон, боломжийн үнэ ханштайг нь авдаг. Учир нь төсөв хангалттай биш.

Жил бүр хэдэн төгрөг төсөвлөдөг эсэх нууцад хамааралтай учир нээлттэй мэдээлэх боломжгүй. Гэхдээ энэ жилийн тухайд Засгийн газар энэ чиглэлд тусгай тогтоол гаргаж, 15 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Бид энэ дагуу худалдан авалтаа хийх болно” гэлээ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу