Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны эхний тэмцээндээ оролцохоор Португал улсад газардав. 2024 оны цуврал тэмцээний салхийг хагалж буй Португалийн гранприд 92 орны 644 тамирчин зодоглох юм.

Баасан гаригт буюу маргааш (2024.01.26) эхлэх тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Гранприд өрсөлдөх 92 орноос 20 нь арваас дээш хүний бүрэлдэхүүнтэй байна. Тэмцээний сугалаа өнөөдөр орой гарах бол маргааш эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болно.

Монголын бөхчүүдээс маргааш 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 57 кг-д Л.Энхрийлэн нар хүч үзэх юм. 

Португалийн гранпригийн медалийн төлөөх барилдааныг уламжлал ёсоор “С1 телевиз” орон даяар шууд дамжуулна. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу