Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарч, эрдэнэт хүний амь эрсдэж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод буй.

Гадаадын хэвлэлүүд энэ ослын талаар өөр өөрсдийн өнцгөөр бичиж, мэдээлж байгаа билээ. Бид энэ удаа “БИДНИЙ ТУХАЙ” буландаа BBC агентлаг ослын талаар хэрхэн мэдээлснийг онцолж байна.

ЗУРГААН ХҮН АМИА АЛДСАНЫ ГУРАВ НЬ ГАЛ СӨНӨӨГЧ БАЙЖЭЭ

Монголын нийслэлд 60 тонн шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан ачааны автомашин осолдож, дэлбэрсний улмаас зургаан хүн амиа алдсаны гурав нь гал сөнөөгч байжээ.

Албаныхан Лхагва гарагийн өглөө Улаанбаатар хотод ослын улмаас гарсан галыг унтраахаар олон гал сөнөөгчийг илгээсэн гэж мэдэгдэв. Ойролцоох барилгуудад гал тархаж, 11 хүн гэмтэж бэртсэн байна. Орон нутгийн нэгэн оршин суугч “Онгоц сүйрлээ гэж бодсон” хэмээн ярив.

Хуульч, 40 настай Сүхбаатарын Эрдэнэболд “Reuters” агентлагт мэдээлэхдээ, орон нутгийн цагаар 01:00 цагийн орчимд газар хөдөллөө гэж бодсон ч дэлбэрэлт болж, гал дүрэлзэж эхэлсэн гэж ярилаа.

Мөн тэрбээр “Маш хүчтэй дэлбэрэлт болсон. Би амьдралдаа ийм хүчтэй дэлбэрэлт хэзээ ч харж байгаагүй. 60 тонн, 60.000 литр хий гэсэн үг. Гал маш хурдтай тархаж, өөр гурван ч барилга галд өртсөн” гэж ярьжээ.

Нэгэн оршин суугч “Reuters” агентлагт ярихдаа “Байр шатаж байгааг мэдээд гарахад урд хаалга хэдийнэ галд автсан байсан тул арын хаалгаар гарахаас өөр аргагүй болсон. Эргээд харахад, гал барилгын дээд давхарт хүрсэн байсан” гэсэн байна.

Тэд “Энэ бүхэн хормын төдийд л болж өнгөрсөн” гэж ярьжээ. Өөр нэг хүн дэлбэрэлтийн хүч цонхыг нь хийсгээд зогсохгүй тагтыг нь сүйтгэсэн талаар тайлбарлав.

Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан галд автсан барилгад нэг ч хүний амь хохироогүй талаар мэдээлсэн. Гэсэн хэдий ч тэрбээр хоёр дахь дэлбэрэлтийн улмаас ачааны автомашины нэг хэсэг маш хүчтэй шидэгдэж, гал сөнөөгчид түүнд цохигдон “эмгэнэлтэй”-гээр амиа алдсан талаар мэдэгдэв.

Онцгой байдлын ерөнхий газраас “Галыг 04:30 цагийн байдлаар бүрэн унтраасан” гэж  мэдээлсэн бөгөөд бэртсэн хүмүүсийн дунд дөрвөн хүүхэд байгаагийн нэг нь хордлогын улмаас эмчлүүлж буй аж.

Энд “Яагаад ийм аюултай ачаа ачсан том оврын автомашиныг олон сургууль байрладаг орон сууцны хорооллоор явахыг зөвшөөрөв” гэх зэрэг асуултууд хөвөрсөөр байна.

С.Эрдэнэболд “Хэрэв энэ осол өдрийн цагаар, ялангуяа өглөө, орой замын хөдөлгөөний ачаалал ихтэй үед гарсан бол илүү их хохирол учруулах байлаа” гэж онцлов.

Галбадрахын Анхбаяр “France press” агентлагт “Энэ нь хот төлөвлөлт үнэхээр муу байгааг харуулж байна. Ачааны бүх автомашин хий тээвэрлэсэн, тээвэрлээгүй ч бай хотын төвөөр явах ёсгүй” гэж ярьжээ.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу