Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс уншина уу
Авлига, албан тушаалын наймааны хохирогч нь ард түмэн байдаг. Дээгүүрээ үгсэн тохиролцож, нам харгалзахгүй найзархан сүлбэлдэж, авлига аалзны тор мэт болсон энэ цаг үед иргэд хохирсоор байна. Уржигдар шөнө “Дүнжингарав”-ын уулзвар дээр хийн түлш ачиж явсан тээврийн хэрэгсэл “Ниссан патрол” маркийн автомашинтай мөргөлдөж, том осол гарсан. Эрдэнэт хүний амь нас эрсдэж, хэдэн тэрбумаар хэмжигдэх эд хөрөнгийн хохирол амсав.
Газрын наймаа цэцэглээгүй бол гарцаагүй ийм осол гарах байсан уу, үгүй юу гэдгийг асуумаар. Мөрдөгдөх ёстой стандартууд бүгд авлигын замаар орж, ард түмний амь насаар яригдаж эхэллээ. Өгдөг, авдаг авлига ард түмэнд амь насны үнээр ингэж ирж байна.
Нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны сонсгол харьцангуй үр дүнтэй болсон. Одоо Боловсролын зээлийн санг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө, ах дүү, хамаатан саднаа гадаад улсад төрийн зардлаар сургасан хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай байна.
Монголд хулгай нүүрлэсэн. Тэр дундаа ард түмний хүүхдүүдийг алгасан, албан тушаалтнууд гадагшаа сурч байсныг ил болгож, нийгэмд хонх цохисноор Боловсролын зээлийн сангаар давуу эрхтэй сурсан эрхтэн дархтанууд зээлээ эргэн төлж эхэлсэн байдаг.
Түүнчлэн өдгөөгөөс яг нэг жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигачдыг авлах “А” төлөвлөгөө болох “5 Ш” ажиллагааг эхлүүлсэн.
Шүгэл ажиллагаа
Авлигатай хийх тэмцлийн хамгийн чухал нь ч энэ байж мэднэ. Учир нь, авлигын гэмт хэрэг дандаа бусдын нүднээс далд, бусдаар зуучлуулах хэлбэрээр, цөөхөн оролцогчдын дунд явагддаг. Тиймээс авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээх байдлыг эрчимжүүлэхэд юуны түрүүнд Засгийн газраас анхаарахаар болж, шүгэл үлээгчийн эрх зүйн орчныг сайжруулахаар “Шүлгэл үлээгч”-ийн хуулийг батлуулахаар болсон. Шүгэл дуугарч байж авлигаас алхам холдох хөшүүрэг болно.
Шүүр ажиллагаа
Хэн нэгэн албан тушаалтны дэмжлэгтэйгээр төрийн албанд томилогдсон, шалгуурт тэнцээгүй ч лифтээр өгсөж, улс төрд нөлөө бүхий болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд шүүрдүүлэх учиртай. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 6000 гаруй албан тушаалтны асуудал хөндөгдөж байгааг онцолж байсан. Энэ хүмүүс бүгд эрх баригч намын угшилтай, ойрын хүмүүс гэж ойлгож болно.
Шүүр ажиллагаа нам дотроосоо цэвэрлэгээг эхлүүлж, хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадаагүй хүмүүс шүүрдүүлж эхэлсэн. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэж эхлэв.
Энэ талаар тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчилдэг” нөхдөөс салах, олон зуун тэрбумын хаус, өчнөөн сая төгрөгийн үнэтэй машинаа нотолж чадахгүй байгаа нөхдийг төрийн болон нийтийн албанаас чөлөөлнө” хэмээн мэдэгдэж байсан.
Шувуу ажиллагаа
Нэрнээсээ эхлээд олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан нь энэ. Авлига, албан тушаалын гэмт хэргээ шалгуулалгүйгээр оргон зайлсан, зугтсан, гадаад оронд байгаа, төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан нөхдийг нутагт нь буцаан авчирч, гэм буруутай эсэхийг нь тогтоох ажил үргэлжилж байна.
Уг ажиллагаагаар 92 хүнийг эх оронд нь авч ирнэ гэдгийг мэдэгдэж байсан. Оны өмнө “Шувуу” ажиллагааны хүрээнд Т.Бадамжунай нарын 50 гаруй хүнийг авчирсан талаар мэдэгдэж байв.
Шилжүүлэн авах ажиллагаа
Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн, буцаан авчрах ажил энэ хүрээнд эрчимжсэн. Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэхээр ажилласаар байгаа юм.
Шилэн ажиллагаа
Энэ хүрээнд иргэдийн мэдэх эрхээс үргэлж нуугдаж ирсэн Боловсролын зээлийн сан, ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас эхлээд бүх сангийн мөнгөтэй холбогдсон хүмүүсийн нэр ил болж, ЦХХХ-ны сайд Н.Учрал ч олон хүний дайсан болов. Бүх мэдээлэл нээлттэй ил болсноор хулгайч нарт хазаараа татахаас өөр ямар ч сонголт үлдээгүй. Цаашид ч “5 Ш” ажиллагаа үргэлжилж, үр дүн гарсаар байна гэдэг итгэл үнэмшил бий болсон байна.
Түүнчлэн хүн бүрийн анхаарлын төвд байж, эрх мэдэлтэн бүрийн хуруу хумсаа шигтгэхийг хүсдэг нүүрсний хулгайг ил болгов. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилон, намын журмын нөхдөөсөө авлигад холбогдсон хүмүүсээ авлаж эхлэв. Нүүрс тээврийн машин явуулахаас эхлээд нүүрсэнд дүрж болох бүх замаар сүлбэлдсэн хүмүүсийн толгойд цахиур хагалж баахан сандаргасан.
Нүүрсний сонсголын араас хуулийн байгууллага хүч хаян ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн шүүхийн өмнө бүгд ялгүй үлдэх үү, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, улсаа хохиролгүй болгоод, ялаа үүрээд үлдэх үү гэдгийг харах үлдээд байна.
Олон жил бугшсан авлигын хэрэг нэг л өдөр өргөс авсан мэт арилчихгүй. Тиймээс алхам алхмаар урагшилж, авлигаас салах нь хамгийн том зорилго байх учиртай. Зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй урагшилсаар байх хэрэгтэй. Хэн нэгэнтэй ял наймаалцдаггүй, хэн нэгний халаасанд гүйгээд орчихдоггүй ийм л эх оронтой байхыг бид хүснэ. Ийм л улстөрчидтэй байхыг бид хүснэ.
Авлигатай тэмцэх алхам бүр алгуурхан ч гэсэн урагшилж байх ёстой юм. Ардын намынхнаасаа айлгүй авлигачидтайгаа тэмцсээр байх хэрэгтэй байна аа.
Э.ТЭМҮҮЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу