Японы шүүх 2019 онд “Киото Анимэйшн” компанийн студийг галдан шатааж, 36 хүний ​​аминд хүрсэн хэрэгт буруутгагдсан Шинжи Аобад Пүрэв гараг (2024.01.25)-т цаазын ял оноолоо.

Өдгөө 45 настай Аоба 2019 оны долдугаар сарын 18-нд Японы баруун хэсгийн Киото хотод байрлах хүүхэлдэйн киноны фирмийн байранд гал тавьснаа өмнө нь хүлээжээ. Түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас амиа алдсан хүмүүсээс гадна 32 ажилтан галд өртөн, бэртэж гэмтсэн байна.

Шүүгдэгч хэрэг үйлдсэнээ хүлээсэн тул Киото дүүргийн шүүхэд болсон шүүх хурлын гол сэдэв тэр эрүүгийн хариуцлага хүлээлгэх чадвартай эсэх асуудал байжээ.

Шүүх хурлыг даргалагч шүүгч Кейсуке Масуда шүүгдэгч Аобаг тухайн үед “сэтгэц ийн ямар нэг асуудалгүй, хэвийн байсан” гэж мэдэгдсэн байна. Шүүгдэгч Аоба шүүхэд  мэдүүлэхдээ “Киото Анимэйшн” компани өөрсдийн зохион байгуулсан уралдаанд илгээсэн зохиолыг минь хулгайлсан гэж үзсэн тул халдлага үйлдэх сэдэл төрсөн” гэжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд Аоба анх удаа амиа алдсан хүмүүсийн гар гэр, ойр дотныхноос уучлалт гуйсан байна. “Киото Анимэйшн” компани ч түүний зохиолыг хуулбарласнаа хүлээн зөвшөөрчээ.

Өмгөөлөгч нь Аобаг төөрөгдлөөс болж зовж шаналж байсан гэж маргаж байсан аж. Шүүгдэгч ч өөрийгөө “хар дүр”-ийн эсрэг тэмцэж байсан гэж хэлсэн байна.

Шүүгч түүний “төөрөгдлийн эмгэгтэй” болохыг хүлээн зөвшөөрсөн ч зан үйлд нь нөлөөлөөгүй гэж үзжээ.

Прокурорууд Аобагийн төөрөгдөл зан авирт нь төдийлөн нөлөөлөөгүй бөгөөд ялын дээд хэмжээ өгөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэн, цаазаар авах ял оногдуулахыг шаардсан байна. Өмгөөлөгч нь Аобаг халдлага үйлдэх үедээ сэтгэцийн өөрчлөлтөд орсон байсан тул цагаатгаж, хөнгөн ял оноож өгөхийг хүсчээ.

Шүүх хуралд Аоба тэргэнцэр дээр суун шоронгийн ажилтнаар түрүүлэн орж ирсэн бөгөөд нүүр, хүзүүнд нь галд түлэгдсэний улмаас үүссэн, улайсан сорви тогтсон байсан аж. Шүүх хурал эхлэхэд хүмүүс суудлаасаа босон бөхийхөд тэрбээр суусан хэвээр байжээ.

Шүүх хурал эхлэхээс өминө шүүгч түүнээс “Үг хэлэх үү” гэж асуухад тэрбээр ямар нэг зүйл хэлээгүй байна. Олны анхаарал татсан энэхүү шүүх хуралд оролцохоор 409 хүн шүүхийн гадна дугаарлан зогсжээ.

“KyoAni” гэгддэг “Kyoto Animation” нь “K-On!”, “The Melancholy of Haruhi Suzumiya” зэрэг хит анимэ бүтээлүүдээрээ дэлхий даяар алдаршсан байна.

Хэрэг гардаг өдөр Аоба 10:30 цагийн орчимд тус компанийн нэгдүгээр студи рүү орж, бензин ашиглан, гал тавьжээ. Тухайн үед тус барилгад 70 ажилтан ажиллаж байсан аж.

Галын улмаас Аоба өөрөө түлэгдэж, амь насанд нь аюул учирсны улмаас эрчимт, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул шүүх хурал өнгөрсөн есдүгээр сар буюу хэрэг явдал болсноос хойш дөрвөн жил гаруйн дараа ийн явагджээ.

 Эх сурвалж: NHK, KYODO NEWS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу