Засгийн газрын өнөөдөр (2024.01.25)-ийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ үеэр “Ирэх долоо хоногт хичээл сургууль эхэлж, дугаарын хязгаарлалт зогсож, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ. Манай нийслэл шиг хот дотроо аюултай ачаа тээвэрлэдэг, төмөр зам явдаг хот байхгүй. Нийслэл маань дарьтай торх болж хувирсан байна.

Маш олон хороолол, үйлчилгээний төвийг зам руу шахаж барьсан. Үүнийг шийдэхтэй холбоотойгоор тойрог замын асуудал яригдаж байгаа ч газрын асуудал тулдаг.

Уг үндэс нь газрын олон жилийн авлига дээр л очдог. Үүнээс болж Улаанбаатарын асуудлыг хэн ч гарч ирээд шийдэх боломжгүй болсон байна. Асуудлын уг шалтгаан, газрын авлига, зэрэг асуудлаар дагнаж, иргэд олон нийтийн мэдэх эрхийн хүрээнд, Засгийн газар, УИХ-ын хүрээнд баримтыг хянан хэлэлцэх нээлттэй сонсгол зохион байгуулах түр хороо байгуулж ажиллахаар боллоо” гэлээ.

Мөн тэрбээр “Галд өртсөн орон сууцны газрын зөвшөөрлийг хаанаас олгосон бэ?” гэсэн асуултад “Энэ миний сонгогдсон тойрог, тиймээс би мэдээлэлтэй байгаа. Энэ талаар сая Засгийн газрын хуралдаанд хэлсэн. Энэ асуудал шалгагдана. 26-р хороо орчмын газрыг “хүний, өөрийнгүй” хэсэгчилж зарсан.

Монгол Улсын Ерөнхий прокуророос эхлээд Тагнуулын байгууллагын удирлага энэ хавийн газрын наймаанд оролцсон гэх мэдээлэл байдаг. Энэ талаар би тусад нь хэвлэлийн хурал хийж мэдээлнэ” гэв.

А.БАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу