Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын баруун хэсэгт “Ил-76” нисэх онгоц осолдсоны дараа ОХУ-ыг “Украины хоригдлуудын амиар наадаж байна” гэж буруутгажээ. Тэрбээр Украины хилийн ойролцоох Белгород хотод өнгөрсөн Лхагва гарагт болсон тус онгоцны ослын дараа олон улсын мөрдөн байцаах ажиллагаа явуулахыг шаардсан байна.

Москва тус онгоцоор Белгород хот руу цэргийн олзлогдогсод тээвэрлэж явсан бөгөөд “Онгоцонд байсан 65 олзны цэргийг Украинтай солилцохоор зөөвөрлөж явсан” гэж мэдээлсэн байна.

Лхагва гаргийн өглөө тус онгоц агаарын довтолгоонд өртөж, дотор нь сууж явсан 74 зорчигч бүгд амь үрэгджээ. Хохирогчдын 65 нь олзны украин цэрэг байсан аж. Тус онгоцоор олзны цэргүүдээс гадна онгоцны багийн 6 орос гишүүн, 3 харуулын цэрэг зорчиж явжээ.

Москва тус довтолгоог Украин улс явуулсан гэж үзэж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдахыг шаардсаны дагуу тус зөвлөл өнөөдөр хуралдахаа мэдэгдсэн байна.

Украины тал онгоцны осолтой холбоотой мэдэгдэл гаргаж, онгоцонд зорчигчид байсан талаар мэдээлэл байгаагүй гэсэн бол Тагнуулын төв газраас нь хоёр улс идэвхтэй дайтаж байгаа энэ цаг үед хил орчмын зурвас дахь агаарын орон зай аюулгүй байна гэдэг боломжгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Нисэх онгоц осолдох үеэр Украины тагнуулын төв газраас ОХУ-ын зэвсгийн ачаа тээврийн нисэх онгоцыг сөнөөсөн гэж мэдээлсэн байна. Украины “Правда” цахим сайтад тус улсын цэргийн томоохон генералын өгсөн мэдээллээр “Ил-76” онгоц Оросын “S-300” гэх агаарын довтолгоо эсэргүүцэгч систем ачиж явсан гэх мэдээлэл анх авчээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Ослын талаарх мэдээллийг бид саяхан хүлээн авч, шалгаж байна. Хэргийг үнэн зөв мөрдөхийн тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг Нью-Йоркийн цагаар Пүрэв гаргийн 15.00 цагт хуралдахыг хүсье.

Ялангуяа энэ онд Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа Франц улс үүнийг анхааралдаа авна уу. НҮБ “Ил-76” онгоцонд Украины олзны цэргүүд явж байсан гэдэгт итгэхгүй байж магадгүй. Энэ байгууллага олон жилийн турш ямар байр суурьтайгаа харуулсаар ирсэн. Тэглээ гээд бид санаа зовохгүй байна” гэж ярьжээ.

Мөн тэрбээр “АНУ-тай хэлэлцэх зүйл байхгүй. Украин ОХУ-ын стратегийн байгууламжууд руу халдан довтлоход АНУ тусламж үзүүлдэг учраас өнөөдөр Украины пуужин эсэргүүцэгч систем хөгжиж, ийм хэмжээний довтолгоо явуулж байна” гэж дурдсан байна.

Түүнчлэн “ОХУ Европ руу халдан довтолно гэх мэдээлэл ямар ч утга учиргүй. ОХУ цэрэг зэвсгээр ч, улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч хаашаа ч дайрах сонирхолгүй” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч Владимир Путин энэ ослын талаар тодорхой мэдээлэл байхгүй тул мэдэгдэл гаргахгүй гэж үзсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Цагаан ордон энэ хэргийн талаар бодит баримт, нотолгоо хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. Цагаан ордны төлөөлөгч Жон Кирби “ОХУ, Украин өөр өөр мэдээлэл өгч байгаа тул хэргийн талаар тодруулахад хүндрэлтэй байна” гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC, TASS, RT, YAHOO
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу