Уур амьсгалын тойм

Хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -22…-28°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -8…-14°C, бусад нутгаар -14…-22°C хүйтэн байдаг (Зурaг 1).

Зураг 1. 2 дугаар сарын агаарын температурын ОЖД, [ °С].

1980, 1981, 1983, 1985, 1986, 1988, 1996, 2000, 2008, 2010, 2012, 2014, 2019 онуудад ихэнх нутгаар, 1987, 2001, 2013 онуудад нутгийн зүүн хагаст ОЖД–аас 1–6°С–аар, 1984 онд нутгийн баруун хагаст, 2005 онд нийт нутгаар ОЖД–аас 6–10°С–аар тус тус хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Хөвсгөл, Завханы хойд хэсгээр 47–55°С, бусад нутгаар 38–44°С хүрч хүйтэрсэн байна.

Харин 1979, 1993, 1999, 2004, 2015, 2017, 2020, 2021 онуудад ихэнх нутгаар, 2002 онуудад нутгийн зүүн хагаст ОЖД–аас 1–6°С–аар дулаарсан бол 1998, 2007 онуудад ихэнх нутгаар ОЖД–аас 6–10°С–аар дулаарсан байна (Зурaг 2).

     Зураг 2. 2 дугаар сарын агаарын температурын олон жилийн явц

(Улаан – ОЖД–аас дулаан, хөх – ОЖД–аас хүйтэн)

Цас ОЖД–аар Завханы ихэнх, Хөвсгөлийн баруун хойд, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог байна (Зурaг 3).

Зураг 3. 2 дугаар сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц

[Ногоон – ОЖД–аас ахиу, шар – ОЖД–аас бага]

Харин 1981–1983, 1986, 1987, 1992, 1994, 1995, 1997–2001, 2008, 2012 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон бол 1988, 1990, 1993, 1996, 2002–2007, 2009–2011, 2013–2020 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3 дахин их цас орсон байна.

Олон жилийн дунджаар Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18 см, бусад нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог бөгөөд дээр дурдсан жилүүдэд цасан бүрхүүлийн дундаж зузаан 20–30 см–т хүрч өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрч байжээ (Зурaг 4).

Зураг 4. 2 дугаар сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Хоёрдугаар сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5). Хур тунадас Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).

Агаарын температур хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногт ОЖД–аас 2–3°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав эхэн болон сүүл үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 2–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна (Зураг 5, 6).

Агаарын температур хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногтүед ОЖД–аас 2–3°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоног ихэн болон сүүл үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хонгийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна (Зураг 5, 6).

Агаарын температур хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хонгийн дунд үеэр бага зэрэг цас орох бол гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–ын орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна (Зураг 5, 6).

Агаарын температур хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт ОЖД–аас 2–3°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна. 

Зураг 5. 2024 оны 2 дугаар сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, °С

[Д – агаарын дундаж температур ОЖД – аас дулаан, Н – агаарын дундаж температур ОЖД – ийн орчим,

Х – агаарын дундаж температур ОЖД – аас хүйтэн]

Зураг 6. 2024 оны 2 дугаар сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм

[Н – хур тунадас ОЖД – ийн орчим, И – хур тунадас ОЖД – аас ахиу]

Зураг 7. Баруун аймгуудын нутгийн 2024 оны 2-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын дундаж температур ОЖД – аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД – аас хүйтэн, хар тод зураас– агаарын дундаж температурын ОЖД утга, тасархай зураас – агаарын дундаж температурын ОЖД – аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

 Зураг 8. Төвийн аймгуудын нутгийн 2024 оны 2-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын дундаж температур ОЖД – аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД – аас хүйтэн, хар тод зураас– агаарын дундаж температурын ОЖД утга, тасархай зураас – агаарын дундаж температурын ОЖД – аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 9. Зүүн аймгуудын нутгийн 2024 оны 2-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын дундаж температур ОЖД – аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД – аас хүйтэн, хар тод зураас– агаарын дундаж температурын ОЖД утга, тасархай зураас – агаарын дундаж температурын ОЖД – аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Говийн аймгуудын нутгийн 2024 оны 2-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын дундаж температур ОЖД – аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД – аас хүйтэн, хар тод зураас– агаарын дундаж температурын ОЖД утга, тасархай зураас – агаарын дундаж температурын ОЖД – аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД – аас дулаан байх боловч төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД – аас хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадас баруун аймгуудын нутгаар ОЖД – ийн орчим байх бол нутгийн зүүн хагаст ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна.

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хонгийн эхэн үеэр нутгийн зүүн хагаст ОЖД–аас 2–5°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас 2–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу