Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ны Үндэсний Дээд лигт 20 дахь улиралдаа тоглож буй ОУХМ С.Өрнүүнбилэг, ОУХМ Э.Цэвэлдорж нар өнөөдөр (2024.01.26) Дээд лигийн замналынхаа сүүлийн тоглолтоо хийнэ.

С.Өрнүүнбилэг дээд лигийн 20 дахь улирлаа гавьяат дасгалжуулагч С.Тулгын “Улаанбаатар TLG” багтай эхлүүлсэн. Нээлтийн тоглолтдоо ч 17 оноо, самбараас 11 бөмбөг авалт гүйцэтгэж, харих болоогүйгээ харуулж байв. Тэрбээр цагтаа тэргүүн тоглогчийн хэмжээнд яригдаж явсан, Монголын шилдэг сагсчдын нэг юм.

Багын өндөр байсан тэрбээр гурав, дөрөвдүгээр ангиасаа сагс тоглож эхэлжээ. С.Өрнүүнбилэг анх Дорноговь аймгийн “Цолмон” клубд Гэрэлцолмон багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн байна. Бөмбөг барих, залахаас эхлээд бүхнийг заасан анхны багш нь байжээ. Түүний дараа “Эрдэнэдрийлинг Ригс” багийн дасгалжуулагч Энхбаатарын удирдлага дор дасгал сургуулилт хийж, тэмцээнд оролцдог байжээ.

Улсын аваргад анх удаа 16 настайдаа дээд үеийнхээ ах нартай тоглож, алтан медаль хүртсэнэсээ урам авч сагсан бөмбөгт эргэлт буцалтгүй орсон гэдэг. 2003 онд “Монфреш”-ийн Есүхэй багшийн багт багтаж, дээд лигт анх удаа тогложээ.

Түүний адил лигт 20 дахь улирлаа өнгөрүүлж буй шидэлт, хамгаалалтаараа гайхагддаг ОУХМ Э.Цэвэлдорж мөн “Улаанбаатар TLG” багийнх. Сагсан бөмбөгчид “Архангай аймгаас дэггүй шар хүүхэд ирээд, улсын аваргад шаггүй тоглодог байсан нь өнөөдрийн Ц.Цэвэлдорж” гэж ярьдаг. Тэрбээр аравдугаар ангид байхдаа Бүх ард түмний спартакиадын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирж байжээ.

Тухайн үед Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг түрүүлэхэд Ц.Цэвэрбал багшаа анх харж, “Яасан мундаг хүн бэ” хэмээн, дотроо ихэд биширч байснаа нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

Тэр багаасаа цагдаа болно гэж шийдчихсэн байсан ч хүсэл мөрөөдлийн хувьд сагсан бөмбөгийн дээд лигт тоглоод үзвэл үхсэн ч яахав гэж боддог байж. Сургуулиа төгсөөд, хүсэл мөрөөдөл нь дийлж, Ц.Цэвэрбал багшдаа очихын тулд ХҮДС-д орох ёстой гэж шийдээд, нягтлан бодох бүртгэлийн ангид элссэн аж.

Спортын тоймч Б.Мөнгөнтамир хэлэхдээ “Дээд лигийн алдрын танхим гэж байдаг бол дээрх хоёр эрхэм зодог тайлсныхаа дараа зүй ёсоор орох нь лавтай” гэж байв.

Тэдний замналын сүүлийн тоглолтын тасалбарыг shoppy.mn-ээр захиалж авах боломжтой юм.

Мөн өнөөдөр “TLG Ондилт” баг 18:10 цагаас “Selenge Bodons” багийн эсрэг тоглоно.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу