Гадаадын иргэн, харъяатын газар (ГИХГ)-аас мэдээлснээр, Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, 2024 оны нэгдүгээр сарын 30-наас эхлэн визийн зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгохоор болжээ. Энэ нь гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай хүргэх зорилготой аж.

Визийн зөвшөөрлийн хүсэлтийг өмнө нь цахимаар хүлээн авч, зөвшөөрөгдсөн тохиолдолд визийн зөвшөөрлийг цаасан хэлбэрээр хэвлэж, кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлтэй мэйл хаягаар илгээж байв.

Цахим хэлбэрт шилжсэнээр мэйл хүлээх шаардлагагүйгээр цахим үйлчилгээний нэгдсэн системд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч, цахим визийн зөвшөөрлөө шалгах боломжтой болох юм байна.

Тодруулбал уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын илгээсэн хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараа isf.mn цахим үйлчилгээний нэгдсэн системээс уригдагч гадаадын иргэний болон уригчийн мэдээлэл, визийн ангилал, төрөл, визийн хүчинтэй хугацаа, Монгол Улсад байх хугацаа, виз олгох газар зэрэг бүх төрлийн мэдээллийг багтаасан QR бүхий цахим визийн зөвшөөрлийг татаж авах боломж бүрджээ.

Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт юм. ГИХГ-аас олгосон визийн зөвшөөрлийг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд isf.mn нэгдсэн системээс хянаж, виз олгоно.

Тус газар өнгөрсөн онд гадаадын 44,831 иргэнд визийн зөвшөөрөл олгосон тоон үзүүлэлт бий. Харин визийн зөвшөөрлийг ийнхүү цахимд шилжүүлснээр, дээрх тооны визийн зөвшөөрлийг хэвлэх бичиг хэргийн зардлыг бууруулаад зогсохгүй хэвлэх, гарын үсэг зурж баталгаажуулах, скайнердаж хүсэлт гаргагчид илгээх зэрэг олон шат дамжлага багасахад чухал ач холбогдолтой ажээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу