УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.12/ хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Цаашид байгалийн баялаг, төрийн өмчийн менежменттэй холбоотой асуудлыг авч үзэх хэрэгтэй байна. Нэг удаа асуудал гарлаа гээд орхих бус, ийм асуудал гарахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд яаралтай таван хуулийг УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй. Үүнд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компаниудын хууль, Уул уурхайн бүтээгдэхүүн, Биржийн тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, ирэх долоо хоногт батлах шаардлагатай гэж үзсэн. Ингэж өмч, байгалийн баялгийн менежментийг шинэчлэх нь зүйтэй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаж, гэрээ хийж байгаа асуудал сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн. Үүний эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санал тавьсан. Гэрээ байгуулахтай холбоотой асуудлыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр бус, хуулиар Засгийн газар, УИХ шийддэг болъё. Энэ асуудлыг нууцаар шийддэгийг болиулъя. Эдгээр гурван шийдлийг МАН-ын бүлгээс гаргалаа.

Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ирэх Лхагва гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд авлигын гэмт хэргийн заалт бий. Шийтгэлийн бодлогыг чангатгана. Авлигын хэргээр шийтгүүлсэн иргэдэд өршөөл үзүүлэхгүй. Өршөөл үзүүлэхгүй байх гэмт хэргийг Эрүүгийн хуульд заасан байдаг. Тодруулбал, энх тайвны эсрэг гэмт хэрэг, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэх мэт гэмт хэрэгт өршөөл үзүүлдэггүй. Нэмэлтээр авлигын хэрэг орж байна.

“АВЛИГЫН ХЭРГЭЭР ШИЙТГҮҮЛБЭЛ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ”

Хоёрдугаарт, 22.1 дүгээр зүйлд хэд хэдэн зүйлийг хөндөх шаардлагатай. Албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой заалт. Хуулийн 22.4 болон 22.5 зүйлд авлига өгөх, авахтай холбоотой. Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой 22.10 болон 22.11 заалт байна. Нийтэд нь хөндөж авч үзэх нь зүйтэй. Өмнөх ял шийтгэлийг чангатгаж, 40 сая төгрөгөөр торгуулах бус одоогийн байдлаар 22.1 зүйлд 5.4 сая төгрөгөөс 27 сая төгрөгөөр торгох заалт байгаа. Мөн зорчих эрхийг таван жилээр хязгаарлах, 1-5 жил хугацаанд хорих заалт байгааг зорчих эрхийг хязгаарлах ялыг хасч, их хэмжээний хохирол учруулбал 2-8 жилээр хорих ял болгон чангатгана. Нийтийн албан тушаалд ажиллах хугацааг  2-8 жилээр хасч, дээр нь 2-8 жил хорих өөрчлөлтийг ярьж байна.

Хахууль авсан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлж, 40 сая төгрөгийн торгууль төлдөг байсан. Өөрчлөлтөөр шууд эсвэл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилээр хасч, 2.7-14 сая төгрөгөөр торгох, 3-6 сар зорчих эрхийг хязгаарлана. Одоогийн мөрдөгдөж байгаа зургаан сараас гурван жил хорих заалтыг хасч, хорих ялыг тусгасан. Улс төрийн албан тушаалтныг 22.4 зүйлд нийтийн албан ажиллах жилийг 5-8 жилээр хасч, 5-12 жилээр хорих ялаар шийтгэнэ. Улс төрд нөлөө бүхий этгээд  болон зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах хугацааг 20 жилээр хасч, 12 жилээр 20 жил хорино. Өмнө нь 5-12 жилээр хорих гэж тусгасан байсан юм.

Манай намын бүлгээс нүүрсний хулгайд оролцож, холбогдсон байвал бид хамгаалахгүй шүү. Хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой.