Санхүүгийн зөвлөх үйлчилгээ, судалгаа, хөрөнгө оруулалтын “MICC” компанийн баг нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн байдлыг Тогтвортой хөгжлийн 17 зорилттой уялдуулан судалснаа өчигдөр (2024.01.25) танилцуулав.

Судлаач Н.Энхзулын мэдээлснээр, Улаанбаатараас бусад хот Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-ын 6-д байдаг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар дунджаар хамгийн өндөр буюу 98.1 оноо авсан байна. Монгол Улсын нийслэл дээрх үнэлгээгээр 61.6 оноотой, мөн ТХЗ-ын 12 буюу агаарын бохирдлын жилийн дунджаар хамгийн муу оноотой гарчээ.

Эдийн засагч Д.Ачит-Эрдэнийн мэдээлснээр, Улаанбаатарын ажилгүйдлийн түвшин хамгийн дээд үзүүлэлттэй гарсан бол жендерийн эрх, тэгш байдлыг хангах буюу ТХЗ-ын 5 дахь зорилтоор илүү их оноо авсан байна. Үүнд дээд боловсролын байгууллагад суралцах эмэгтэйчүүдийн хувь 57.3, хувийн салбарт удирдах албан тушаалтан, менежерийн эзлэх хувь 51.8 хувийн эмэгтэйчүүдийн оролцоотой гарсан нь эерэг үзүүлэлтэд нөлөөлж буйг хэлэв.

Төр, засгийн байгууллагын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийн оролцоо бага, мөн эрэгтэй, эмэгтэй ажиллагсдын цалингийн зөрүү их байгааг судлаачид дурдсан юм.

ТХ3-ын 4 буюу чанартай боловсролыг дэмжих тал дээр Улаанбаатар хотын хүн амын бичиг үсгийн чадвар хамгийн өндөр 99.5 хувьтай гарчээ. ТХ3-ын 8 дахь буюу Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох зорилтыг Монгол Улсын нийслэл хангалтгүй биелүүлж байгааг судалгааны үр дүн харуулсан байна.

Боловсон хүчин, санхүүгийн дэмжлэг хомсдолтой байгаагаас үүдэн ерөнхий болон дээд боловсролын чанар хангалтгүй гэсэн үнэлгээ мөн гарчээ. Жишээлбэл, Улаанбаатар хотын бага ангийн нэг багшид ногдох суралцагчийн тоо 34.6 байгаа нь Ташкентынхаас 1.6, харин бусад хотынхоос бараг 2.5 дахин их байна.

Дээрх судалгааг Узбекистан, БНХАУ, Киргиз, Япон, БНСУ, Казахстан улсын нийслэл хотуудын байдлаар Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөлийг харьцуулан хийсэн нь анхаарал татжээ.

Нэг хүнд ногдох ДНБ 2020 оны байдлаар 20 мянган ам.доллароос бага хотуудад Бишкек 10.3 мянга, Ташкент 14.7 мянга, Улаанбаатар 16.5 мянган ам.доллароор 55.5-66.2 оноо авч сүүлийн гурван байранд орсон байна.

Харин 40 мянган ам.долларын нэг хүнд ногдох ДНБ-тэй хотуудад Астана 45.4 мянга, Бээжин 39.5 мянган ам.доллароор III-IV байранд орж, 50 мянгаас дээш ам.долларын нэг хүнд ногдох ДНБ-ээр Токио 70.7 мянга, Сөүл 53.8 мянган ам.доллароор хамгийн өндөр оноо авчээ.

“MICC”-ийн баг судалгаандаа Хойд Америкийн орнуудын хотуудыг харьцуулсан бөгөөд  судалгааг цахим орчинд байршуулснаас гадна сэтгүүл болгож хэвлүүлсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу