БНСУ-ын Ард түмний хүч намын гишүүн, хууль тогтоогч Бэ Хён Жин өнгөрсөн Пүрэв гарагт үл таних этгээдийн халдлагад өртөж, толгойдоо гэмтэл авсан ч биеийн байдал нь тогтвортой байгаа талаар түүний ажлын албанаас мэдээлжээ.

Энэ хэрэг Сөүлийн өмнөд хэсгийн Ганнам дүүрэгт өчигдөр 17:00 цагийн орчим болсон байна. Бэ-гийн туслахын хэлснээр, гишүүний дэргэд нэгэн эрэгтэй ирээд, “Чи хууль тогтоогч Бэ Хён Жин мөн үү?” гэж асуугаад, толгойных нь ар тал руу насанд хүрсэн хүний ​​нударганы хэмжээтэй чулуугаар цохижээ.

Халдлагын улмаас эрх баригч намын гишүүн Бэ-гийн толгойноос цус гарч, Сүнчунхяны их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар түүний толгойдоо авсан гэмтэл амь насанд нь аюул учруулахгүй талаар мэдээлжээ.

Сэжигтнийг Ганнам хотын цагдаа нар түр саатуулсан бөгөөд тэрбээр өөрийгөө 15 настай гэж мэдүүлсэн байна.

Өдгөө 40 настай Бэ 2020 онд Үндэсний Ассемблейд анх удаагаа сонгогдсон телевизийн мэдээний хөтлөгч асан юм. Улмаар 2022 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сук Ёолын хэвлэлийн төлөөлөгчөөр хэсэг хугацаанд ажиллажээ.

Бэ гишүүний албанаас өгсөн хяналтын камерын дүрс бичлэгээс харахад, сэжигтэн 10 секундын дотор хууль тогтоогчийг чулуугаар 15 удаа цохисон бөгөөд ойр орчмын гэрчүүд сэжигтэнийг холдуулсан байна.

Бичлэгээс харахад, юүдэнтэй цамц өмсөж, амны хаалт зүүсэн сэжигтнийг баривчлах хүртэл Бэ-гийн туслахууд хэргийн газарт түүнтэй хамт байж, ажиглажээ.

Сүнчунхяны эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч, доктор Пак Сук Кэ “Эмчилгээ хийсний дараа хууль тогтоогчийн биеийн байдал тогтвортой байна” гэж мэдэгдсэн байна.

Пак эмч сэтгүүлчдэд “Яаралтай тусламжийн тасагт ирэхэд хууль сахиулагчийн толгойноос цус гарч байсан. Тэр багагүй бухимдсан нь илт байсан. Бэ-гийн толгойны ар талд 1 см орчим зүсэгдэж, бага зэрэг хавдсан байсан. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал хэвийн байна” гэж мэдээлжээ.

Мөн тэрбээр “Хууль сахиулагч Бэ толгой өвдөж байна гэж хэлсэн. Бид түүний биеийн байдлыг ажиглаж байна. Тархины доргилтын шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт цөөнгүй хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болно” гэж хэлжээ.

 Эх сурвалж: YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу