Dobu.mn сайт энэ долоо хоногт (2024.01.22-26) нийтлэгдсэн онцлох ярилцлагуудаас тоймлон хүргэж байна.

У.Зоригтбаатар: Чикагогийн монголчууд өөрсдийн хөрөнгө, хүчээр “Монгол Өв Соёлын Төв” байгуулахыг зорьж байна

 -Сайн байна уу. Та юуны өмнө яагаад Чикаго хотод соёлын төв байгуулах санаачилга гаргасан талаараа товч танилцуулахгүй юу.

-Сайн байна уу. Чикаго орчмын монголчууд одоогоор хилийн чанадад хамгийн олноор нэг хотод  төвлөрсөн монгол коммюнити болж байна. БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын тоотой харьцуулахад бага хэдий ч нэг хотод төвлөрсөн гэдэг утгаараа томд тооцогдох болов уу. Чикаго орчимд 15 мянга гаруй, АНУ-ын төвийн бүсэд нийтдээ 20 орчим мянган монголчууд байна гэсэн албан бус тоо байдаг. Тиймээс энэ олон монголчуудын оюуны болон соёлын хэрэгцээ тэр чинээгээр их байна гэсэн үг.

Чикаго орчимд монгол коммюнити рүүгээ чиглэж үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй ашгийн бус байгууллага байдгийн зэрэгцээ монгол хэл, үндэсний хөгжим, бүжиг, спортын сургалт явуулдаг сургалтын төв, хувь хүмүүс олон байдаг. Эдгээр чиглэлийн сургалтын ажиллагааг явуулах болон Чикаго орчмын монголчуудын дунд, АНУ дахь монголчуудын дунд, Монгол Улсаас ирэх урлаг, спортын баг, хамтлаг, уран бүтээлчидтэй хамтран урлаг, спортын тэмцээн, тоглолт, арга хэмжээ зохиох бүрд байр түрээсэлдэг. Ийм бодит хэрэгцээ, шаардлага мэдрэгдэж байсан тул бид монголчууд хамтраад өөрийн гэсэн төвтэй болчихвол үйл ажиллагааны хүрээ далайц тэлэх, илүү олон хүн хамруулах, хамгийн гол нь арга хэмжээнүүдээ урьдчилан төлөвлөж илүү үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдэх юм гэж үзээд санаачилга гаргасан юм. Өөрийн гэсэн байртай болох оролдлогыг Чикаго орчмын монголчууд өмнө нь ч хийж байсан, бид ийм санаачилга гаргасан анхны хүмүүс биш л дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

А.Анхтөгөлдөр: Заал дүүрэн үзэгчийн орилоон намайг улам бадрааж, сэтгэл тэр хэрээр хөдөлсөн

“Хишиг” продакшн, “Update” энтертайнментийн жүжигчин, Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ны ордны хөтлөгч А.Анхтөгөлдөртэй ярилцлаа. Тэрбээр МСБХ-ны Үндэсний дээд лигийн “Бүх одод 2024” тоглолтын үеэр үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан билээ. Тодруулбал, А.Анхтөгөлдөр бүжигчин охидтой хамтарч, эрч хүчтэй, нүүрний баясгалантайгаар бүжиглэж, олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй юм.

Тэрбээр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрж, өссөн бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд суралцжээ. 2016 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн байна.

-Хүн бүрд л эхлэл бий. Магад бид хаанаас эхэлснээ мэдэж гэмээнэ цааш алхах байх. Энэ утгаар та яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ. Хэн нэгэн хөтлөв үү?

-Манай үеийнхэнд, хошин урлагийнхнаас үлгэр дуурайл авч, жүжигчин болох сэдэл төрсөн байх гэж боддог. Хошин урлагийн продакшнууд маш гоё уран бүтээл хийдэг байсан. Түүнийг нь үзэж өссөн болохоор жүжигчин болох замыг сонгосон. Жүжигчин мэргэжилтэй хүн бүх дүрд хувирч чаддаг нь гоё санагддаг байсан. Тиймээс би өөрийгөө хувирч чадна гэдэгт итгэж, жүжигчин мэргэжлийг сонгосон юм.

Оюутан байхдаа ихэвчлэн киноны арын албанд явдаг байв. Анх манай ангид 30 гаруй хүүхэд элсэн орж байсан бол төгсөхдөө 20 орчим болсон. Одоо ангийнхан маань ихэвчлэн дуу оруулагч, Драмын театр болон хөдөө орон нутгийн театруудад ажиллаж байна. Надтай хамтарч шүлэг уншдаг Э.Хонгорзул манай ангийн охин. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

А.Бямбабаяр: “Бидний араншин”-гаас ямар нэг зүйл олж авна гэдэгт 100 хувь итгэлтэй байна

Кино урлагийн салбарт өөрийн өнгө төрхийг бий болгож, бие даан уран бүтээл туурвиж яваа жүжигчин А.Бямбабаяртай “Бидний араншин” киноны нээлтийн үеэр ярилцлаа. 

-Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авч байгаад баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-“Бидний араншин” УСК Монголын бүх кино театрт нээлтээ хийж байна. Уг кино маань анд найзын нөхөрлөлийг харуулсан. Нэгэнд нь асуудал тулгарвал арыг нь бат дааж буйг харуулсан.  Мөн киноныхоо нэрэндээ зохицож, бидний араншин ямар вэ гэдгийг амьдарч буй нөхцөл байдлаараа харуулахыг зорьсон кино юм.

-Урлагийн ертөнцөд хэрхэн хөл тавьж байв. Өөрийнхөө талаар бидэнд ярьж өгөхгүй юү?

-Намайг Анд-Очирын Бямбабаяр гэдэг. Айлын дунд хүү, нэг ах, нэг дүүтэй. Би 2015 онд СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Миний бага нас Яармагийн гэр хороололд  ах, дүү хоёртойгоо ус зөөж, түлээ хагалж, гудамжинд тоглож өнгөрсөн дөө.

Намайг бага байхад зурагт ховор, үзэх юм хомс байлаа. Нэг өдөр аав, ээж хоёр маань одоогийн “Шинэ үе” продакшн, Д.Сосорбарам гуайн тоглолтын дүрс бичлэг, гадаад, монгол кинотой таван төрлийн “CD”-тэй “VCD” авчирч байсан нь хүүхэд насны минь хамгийн тод дурсамжуудын нэг. Тэр дундаас хошин урлагийн бичлэгүүдэд эрэгтэй хүн эмэгтэй болж жүжиглээд, их сонирхолтой санагдаж байсан.

2011 онд оюутан болж орсноос хойш киноны ар талд, арын албанд туслах хийдэг байсан. Сургуулиа төгсөөд, зургийн дарга, талбайн зохион байгуулагч, найруулагчийн туслахаар ажилласан. Гурван жилийн өмнөөс кинонд тоглож, жүжиглэж эхэлсэн. Мэдээж шууд кинонд тоглоод од болно гэж байхгүй шүү дээ. Маш багаас эхэлсэн. Одоо намайг ганц, хоёр хүн таних хэмжээнд хүрчихээд л байж байна.

-Кино урлаг бол үзэгчдийг соён гэгээрүүлэх, гоо сайхны мэдрэмж өгөх хамгийн том соёлыг түгээгч. Та энэ удаад үзэгчдэд юуг ойлгуулахыг зорьсон бэ?

-Тус киногоороо хүн хичээвэл, зүтгэвэл болохгүй зүйл байхгүй гэдгийг ойлгуулахыг, урам зориг өгөхийг зорьсон. Киноны зохиолыг бичиж, найруулсан Амартүвшин ахаас асуувал том агуулгаар нь хэлж өгөх байх. Би гол дүрийн жүжигчнээр ажилласны хувьд болгож бүтээхийн төлөө зүтгэх ёстой гэдэг зарчмаар ажилласан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу