Dobu.mn сайт энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр сарын 22-28 -ны өдрүүдэд нийгэм эдийн засгийн томоохон үйл явдлууд нэлээдгүй болсон ч 23-24-нд шилжих шөнө тохиолдсон гэнэтийн осол хамгийн дуулиантай нь байлаа.

“Одоог хүртэл шалтгаан нь тодорхойгүй ноцтой дэлбэрэлт

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт гарсан энэхүү ослын улмаас иргэд эрүүл мэнд эд хөрөнгийн их хэмжээний хохирол амсаад буй. Үүнээс гадна цэл залуухан онцгойгын гурван алба хаагч аа харамсалтайгаар алдсан. Энэ бүхний буруутанг эрж хайсан хүмүүсийн сэтгэгдэл цахим орчинг дүүргэж буй.

Гал түймэрт хоёр орон сууцны барилга, хэд хэдэн үйлчилгээний төвийн барилга, 35 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр өртсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагууд хэргийн газар үзлэг, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Гал түймэрт өртөж, түлэгдсэн 27 иргэн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 иргэн зөвлөгөө, анхан шатны тусламж аван гэртээ харьсан. Түлэгдэж, гэмтэж бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас 19 настай иргэн харамсалтайгаар амиа алдсан юм. Харин хэрэгт холбогдох хоёр автомашины жолоочыг зөвшөөрлийн дагуу түр саатуулан мэдүүлэг авч буй. Ийнхүү хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Мөн энэхүү ослын дараа Дорнод аймгийн Хэрлэн сумын нийтийн байранд, нийслэлийн БЗД-ийн  23-р хороо Улиастайд,  Содон хорооллын 105-р байрны хогны цэгт, БЗД-ийн 27-р хороо Монелийн гудамж гэх мэт маш олон гал түймрийн дуудлага 24-ний өдөр ар араасаа ирсэн байдаг. Эдгээр дуудлагыг онцгойгын алба хаагчид түргэн шуурхай ажиллан аюулгүй болгосон. Гэвч онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл, хангалтын асуудал олон нийтийн дургүйцлийг хүргээд буй.

“Дээд лигийн аваргын төлөөх тоглолтууд үзэгчдийг өндөлзүүлэв”

Волейболын Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын аваргаар ” Натур мед Толун” шалгарсан билээ. Тэд “Өмнөговь шанх транс” багтай таван цуврал тоглолтыг хийж 3:2 харьцаагаар ялалт байгуулсан юм. Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн гал гарсан тоглолтууд нь өдрүүдэд болсон. Мөн Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор тус багийн тамирчин Т.Хангал шалгарсан юм.

“Монгол циркчид дэлхийд тэргүүлэв”

ЦЕГ-ын “Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Ё.Дамчаабадгарын дэглэлт, циркийн шидэх банзны “ХҮННҮ ЭЗЭНТ ГҮРЭН” үзүүлбэр “Festival International du Cirque Monte Carlo” Олон Улсын тэмцээний тэргүүн шагнал “Мөнгөн арслан” хүртсэн билээ.

Энэхүү тэмцээн энэ сарын 20-ноос 24-ний хооронд “Монте Карло” хотод болсон юм. “ХҮННҮ ЭЗЭНТ ГҮРЭН” бүтээл өнгөрсөн жил БНХАУ-д зохиогдсон циркийн дэлхийн аваргын тэмцээний “Мөнгөн арслан” шагнал хүртсэн билээ.

“S outlet” дэлгүүрийн барилгыг нураав” 

Өнгөрсөн зун үргэлжилсэн борооны улмаас Сэлбэ гол үерлэж нийслэлийн иргэд нэлээдгүй бэрхшээлтэй тулгарсан. Голын гольдролыг хааж баригдсан олон барилгууд энэ бүхний буруутан болсон бөгөөд тэдгээрийг “заавал нураана” хэмээн өмнөх хотын дарга маань амлаж байсан. Түүний амлалт эхнээсээ ажил болж буй бололтой. Энэ долоо хоногт S outlet дэлгүүрийн агуулахын барилгыг нураажээ. Буулгалтыг тус дэлгүүрийн арав орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байгаа аж.

“Газрын асуудлаар сонсгол явуулна”

Засгийн газрын нэгдүгээр сарын 25-ны  ээлжит хуралдаанаар газрын худалдаа, авилгын асуудлаар иргэд, олон нийтэд нээлттэй сонсгол явуулахаар шийдвэрлэсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ үеэр “Ирэх долоо хоногт хичээл сургууль эхэлж, дугаарын хязгаарлалт зогсож, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ. Манай нийслэл шиг хот дотроо аюултай ачаа тээвэрлэдэг, төмөр зам явдаг хот байхгүй. Нийслэл маань дарьтай торх болж хувирсан байна.

Маш олон хороолол, үйлчилгээний төвийг зам руу шахаж барьсан. Үүнийг шийдэхтэй холбоотойгоор тойрог замын асуудал яригдаж байгаа ч газрын асуудал тулдаг.

Уг үндэс нь газрын олон жилийн авлига дээр л очдог. Үүнээс болж Улаанбаатарын асуудлыг хэн ч гарч ирээд шийдэх боломжгүй болсон байна. Асуудлын уг шалтгаан, газрын авлига, зэрэг асуудлаар дагнаж, иргэд олон нийтийн мэдэх эрхийн хүрээнд, Засгийн газар, УИХ-ын хүрээнд баримтыг хянан хэлэлцэх нээлттэй сонсгол зохион байгуулах түр хороо байгуулж ажиллахаар боллоо” гэсэн юм.

Хүний өөрийнгүй зарж, зарагдсан 26 дугаар хорооны асуудалд Монгол улсын Ерөнхий прокуророос эхлээд Тагнуулын байгууллага хүртэл холбоотой талаарх яриа дэгдэж, ирэх долоо хоногт хэн нь ямар мэдээлэл түгээх  нь сонирхол  татаж байна. Ийнхүү олон хүний амь авч одсон гэнэтийн ослын дараагаар буюу ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр олон жил бугшсан газрын асуудлыг сая л нэг хэлэлцэхээр боллоо. Өмнөх нүүрсний сонсгол шиг таг чимээгүй алга болчихгүй л бол үр дүнгээ харуулах биз ээ.

А.БАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу