Дэлхийн хямд, хамгийн цэвэр түлш болох байгалийн хий (“шатах хий” гэх нь бий)-г Европын орнууд өргөн хэрэглэдэг бол монголчууд бидний хувьд “цоо шинэ” зүйл. Тиймдээ ч их хэмжээний шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашины осол түүнийг ахуйд дөнгөж хэрэглэж эхэлж буй Монгол Улсад том сануулга болов.

Салбарын мэргэжилтний тайлбарласнаар, байгалийн хийг байгалийн шингэрүүлсэн хий (LNG), байгалийн шахсан хий (CNG) хэлбэрээр ашиглаж болдог байна. Байгалийн шингэрүүлсэн хий (LNG) нь ихэвчлэн метан (CH4) бүхий байгалийн хий бөгөөд түүнийг хадгалж, тээвэрлэхэд хялбар болгох зорилгоор -162°C хүртэл хэмд хөргөсөн хий аж. Байгалийн шахсан хий болон байгалийн шингэрүүлсэн хий нь физик шинж чанараараа өөр өөр метан хий юм байна.

Олборлолт хийж, бусад бодисуудаас салгасан LNG (liquefied natural gas) цэвэршсэн байгалийн хий нь хий шингэрүүлэх үйлдвэр рүү илгээгдэх ба энэ дамжлагад үлдэгдэл усны уур, мөнгөн ус, хүхрийн нэгдэл, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг бусад бодисуудыг дахин салгах процесс явагддаг байна.

Хөргөх процесс явагдсанаар байгалийн хий шингэн төлөвт шилждэг. LNG-ийн 90-95 хувь метан хий, үлдсэн хэсэг нь этан, пропан болон бутаны холимог юм. Атмосферийн даралтын орчинд метан нь -163С-аас доош температурт шингэн төлөвт шилжиж, -163С-аас дээш температурт буцалж, хийн төлөвт шилждэг байна.

Бид эрсдэлд бэлэн байсан уу?

Монголчууд бид, гурван залуугийн аминд хүрч, олон арван хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан дэлбэрэлтэд хэр бэлтгэлтэй, бэлэн байв? Дэлбэрэлтийн хор хохирлыг багасгах боломж байсан уу? Техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл хангалттай байсан уу гээд олон асуудал ар араасаа хариулт нэхэж байна.

Тухайлбал, байгалийн хийгээр ажилладаг авто тээврийн хэрэгсэлд хийн баллон түлшний савыг суурилуулахад тавих Ерөнхий шаардлага” MNS 6730:2018-д

“Хийн баллон болон түлшний савыг авто тээврийн хэрэгсэлд хөдөлгөөнгүй байхаар бэхлэнэ. Хөдөлгүүрийн хэсэгт суурилуулахыг хориглоно. Хийн баллон болон түлшний савыг түүний бэхэлгээнээс бусад хэсэгт металл эд ангитай шууд хүрэлцэхээр суурилуулахыг хориглоно.

Хийн баллон болон түлшний савыг авто тээврийн хэрэгсэлд замын гадаргуугаас 200 мм-ээс багагүй өндөрт байхаар суурилуулна” гэж заажээ. Эдгээр заалтыг сайтар дагаж мөрдөөгүйгээс осол гарах нэг үндэс болсон байх магадлалтай аж.

Монгол Улсад шингэрүүлсэн хий тээвэрлэх, хадгалах зэрэгтэй холбоотой сайн дүрэм журам байдаг ч хэрэгжилт нь хангалтгүйгээс элдэв осол гарах нөхцөл бүрдсээр байгаа аж.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор Ц.Багмид сайн дүрэм, журам байдгийг хатуу сануулж, мөрдүүлэх хэрэгтэйг онцлов. Тэрбээр шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын ачааны машины осолтой холбогдуулан “Машины маршрут тодорхой байх шаардлагатай. Тусгай дохиололтой байх ёстой. “Шингэрүүлсэн аюултай ачаа яваа шүү” гээд, жолооч нарын анхаарлыг татна гэсэн үг.

Тухайн машины янданд оч үсрэхгүй байхаар тоноглох ёстой. Газардуулга байх ёстой. Ийм бүрэн бүтэн автомашинаар тээвэрлэлт хийнэ. Түүнээс гадна зөөж буй жолооч нь аюул осолгүй тээвэрлэх ёстойг сайн ойлгох ёстой. Хариуцсан байгууллага нь маршрутаа зөв тогтоож өгөх ёстой. Хаа хамаагүй яваад байхгүй гэсэн үг.

Шингэрүүлсэн хий ачсан машиныг гагнуур хийж, оч гаргаж буй газраас 100 метрийн цаана байхыг зөвшөөрдөг. Гэтэл шингэрүүлсэн хий түгээдэг станцаа байшингийнхаа дэргэд барьчихсан байна. Хотын стандрт баримталдаггүй нь аюул учруулах үндэс болж байна” гэв.

Хийн түлшний хувьд гал унтраах техник өөр бөгөөд хийг “улаан гар”-аараа шууд унтраана гэвэл бүтэхгүй аж. Халуундаа улам ууршаад байдаг учраас орчин тойронд нь байгаа гал авалцаж болох бүгдийг хөргөдөг. Өөрөөр хэлбэл, усаар шүршдэг байна. Хэрвээ ийм арга хэмжээ авч чадсан бол том оврын ачааны машины ослын улмаас хажуугийн байшин шатахгүй, тэнд байгаа хүн амьтан өртөхгүй байх бололмжтой байжээ.

Монголын эрдэмтэн судлаачид 10-аад оронд шингэрүүлсэн  хийн түлшнээс болж гарсан аваарийг судалжээ. Эндээс дүрэм, журмаа бариамталдаггүй, хүний хайнга ажиллагаанаас ихэвчлэн осол гардаг нь харагдсан байна.

Ц.Багмид хэлэхдээ “Даралтат саванд байгаа учраас тэр саванд жаахан л нүх сүв гарвал гоожно. Мөн хэт халах юм уу, савны дотор даралт ихсээд, сав нь даралтаа даахгүй байж болно. Бүх шингэрүүлсэн хийний түлшний сав баталгаатай байх ёстой. Жишээлбэл, баллон гэхэд хоёр жилд нэг удаа заавал батлуулах ёстой. Тээдэг машиныг хоёр жилд нэг удаа шалгаж баталсан байх ёстой.

Шингэрүүлсэн хийг юүлдэг шаланкуудуудыг бүгдийг баталгаажуулах ёстой. Хий тархаад, концентраци нь ихэсвэл аюултай. Агаар 0.5-15-ын хооронд хийтэй агаартай холилдвол тэсэрнэ, 15-аас дээш бол шатна. Шингэрүүлсэн хий алагдсан тохиолдолд яаж ажиллах вэ гэдэг дээр хариуцсан байгууллагуудыг сургах хэрэгтэй байна” гэж анхааруулав.

Бид мэдлэгээ тэлж, ойлголтоо нэмэгдүүлэх шаардлагатай

Шингэрүүлсэн хийн түлш цэвэр шаталтат түлш бөгөөд утаа гаргахгүй. Хийн түлшийг хэрэглээ болгосноор агаарын бохирдлыг бууруулж, хүний биед эерэг өөрчлөлтүүд авчрах бөгөөд нүүрсхүчлийн хий бага ялгаруулж, дэлхийн дулаарлыг 20 орчим хувиар бууруулах нөлөөтэй гэж үздэг.

Шаталтын дулаан өндөр, үл шатах үлдэгдэл бага, машины эдэлгээнд сайн нөлөөтэй, байгаль орчныг бохирдуулахгүйгээрээ бидний хэрэглэж заншсан шатахуунаас ялгагддаг.

Шингэрүүлсэн хийн түлшийг дэлхийд 1992 оны үед, харин Монголд 1998 оноос аж ахуйн салбарт хэрэглэж эхэлсэн түүхтэй. Тухайн үед шилний үйлдвэрт хийн түлш ашиглаж эхэлсэн бол 2000 оноос хойш аж ахуйн нэгж, иргэд хийн түлш хэрэглэж эхэлсэн билээ.

Шингэрүүлсэн хийн түлшийг олон улсад маш өргөн ашигладаг. Учир нь хэрэглээний ашигт үйлийн коэффициент, бүтээмж өндөртэйгөөс гадна бүрэн шаталттай, байгаль орчныг бохирдуулдаггүй түлш юм.

Монголчууд бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд юуны өмнө энэ чиглэлээр мэдлэгээ тэлж, ойлголтоо нэмэгдүүлэх нь юу юунаас чухал болохыг эрдэмтэд хэлж байна. Тухайлбал, хийн хангамжийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангах, боловсон хүчин, ажиллагсдын ур чадварыг нэмэгдүүлэх, хий хангамжийн ажил үйлчилгээ эрхлэлтийг оновчтой, тодорхой болгохын чухлыг онцлов.

Мөн тэд “Үйлдвэрлэл, ахуйд хямд түлш ашиглах зах зээлийг нээх зэрэг эрх зүйн орчин бүрдүүлэх, хийн түлшний салбарт төр, иргэн, хуулийн этгээдийн оролцоо, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулах нь чухал.

Монгол Улс олборлох, ашиглахад нэн тэргүүнд ихээхэн ач холбогдол өгч, хайгуул судалгаа хийснээр өөрсдөө байгалийн хийн олборлон, хийн нөөцтэй болж, цэнэглэх станцын тоо, хэрэглэгч, байгалийн хийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн импорт нэмэгдэж, мөн агаарын бохирдлоос салах эхний алхам болно” гэж зөвлөж байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу