Йордан, Сирийн хил орчимд байрладаг АНУ-ын бааз руу нисгэгчгүй онгоцоор дайрсны улмаас гурван америк цэрэг амь үрэгдэж, олон арван цэрэг шархаджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Халдлагыг ‘Ираны дэмжлэгтэй радикал зэвсэгт бүлэглэлүүд’ үйлдсэн” гэж мэдэгдээд, “Бид хариуг нь барина” гэж нэмж хэлсэн байна.

Энэ нь ХАМАС бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Израиль руу дайрснаас хойш тус бүс нутагт АНУ-ын цэргүүд амиа алдсан анхны тохиолдол болжээ.

Йордан “Халдлага Йорданы нутаг дэвсгэрт биш, Сирид болсон” гэж мэдэгдсэн аж. АНУ-ын баазууд мөн гурван удаа халдлагад өртсөн ч АНУ-ын зэвсэгт хүчин сүйдтэй хохирол амсаагүй байна.

Байден мэдэгдэлдээ “Жил бид хоёр болон америкчууд дайчдаа жигшүүрт, туйлын шударга бус халдлагын улмаас алдсандаа харуусаж, цэргүүдийнхээ гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэжээ.

Албаныхан ар гэрийнхэнд нь мэдэгдэхээр ажиллаж буй бөгөөд амь үрэгдсэн болон шархадсан цэргийн албан хаагчдын нэрс хараахан тодорхой болоогүй байгаа аж.

Байден Өмнөд Каролинад айлчлах үеэрээ “Ойрхи Дорнодод өнгөрсөн шөнө маш хүнд өнгөрлөө. Бид гурван зоригт эрсээ алдлаа” гэж хэлжээ.

АНУ-ын албаныхны мэдээлснээр, дор хаяж 34 цэргийн албан хаагч тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй гэж оношлогдсон бөгөөд зарим шархадсан цэргүүдийг үргэлжлүүлэн эмчлэхээр баазаас нүүлгэн шилжүүлсэн байна.

Тэд мөн нисгэгчгүй онгоц орон сууцны барилгад цохилт өгсөн гэж мэдэгджээ. Хэрвээ энэ мэдээлэл батлагдвал амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй аж.

Эх сурвалж: BBC, CNBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу