Ардчилсан намаас Ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах Ажлын хэсэг байгуулсан билээ.  Уг Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2024.01.29) мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр АН-ын гишүүн Ц.Уянга “Ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг хянан шалгах Ажлын хэсгийг АН-аас өнгөрөгч оны аравдугаар сарын 29-нд байгуулсан. Уг Ажлын хэсгийг миний бие ахалж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эрх бүхий албан тушаалтнаас хамааралтай мэдээлэл, баримтыг нэхсэн боловч гол материалуудыг өгөхгүй байсаар ирсэн. Иймээс УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг авч, арваннэгдүгээр сарын 29-нд УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэй хянан шалгах хороо байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан.

Харамсалтай нь, УИХ-ын дарга Г.Занданшатар эс үйлдэхүйгээр хойшлуулаад, эрх барьж буй хугацаандаа энэ асуудалтай холбоотой хулгайг илрүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлчихлээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 17-нд ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах УИХ-ын Түр хороо байгуулсан. УИХ-ын бүрэн эрх дуусахад дөрөвхөн сарын хугацаа үлдчихсэн байхад сонсгол хийж амжихгүй” хэмээн хэллээ. 

Үүний дараа АН-ын гишүүн Б.Ганхөлөг “Ногоон автобустай холбоотой 318 тэрбум төгрөгийн асуудал яригдана. Энэ хэрэгт холбогдуулан 25 албан тушаалтныг шалгаж байна гэж хуулийн байгууллагаас мэдээлсэн. Эдгээр 25 хүн дотор онцгойлон анхаарах хоёр зүйл байгаа юм. 

Нэгдүгээрт, Хотын дарга асан Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд асан нь байхгүй. Дунд болон дундаас доод түвшний мэргэжилтэй хүмүүс байна. Энэ 25 хүнээр дамжуулан асуудлыг шалгаж байгаа шүү гэдэг мессежийг өгч байгаа юм. Түүнээс биш энэ хүмүүсийг ноцтой асуудлаар шалгаагүй.

Автобус нь гурван гишгүүртэй байна гэсэн шаардлага тавьсан хэрнээ хоёр гишгүүртэй байна гэх мэтээр л шалгаж байна. Хоёрдугаарт, 20-хон автобустай холбоотой хэрэг үүсгэж шалгаж байна” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу