Туркийн цагдаа нар нэгдүгээр сарын 28-нд сүмд буутай этгээдүүд халдлага үйлдсэнтэй холбогдуулан 47 хүнийг саатуулсан бөгөөд тэдний дотор Оросын нэг иргэн байжээ. Энэ талаар Туркийн Дотоод хэргийн сайд Али Эрликая сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Тэрбээр “Сүмд зэвсэгт халдлага үйлдсэн этгээдүүдэд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажлын хүрээнд 30 хаягаар ажиллагаа явуулж, “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй ОХУ-ын нэг, Тажикстаны нэг иргэн, нийт 47 хүнийг саатуулсан гэж хэлжээ.

Сайдын мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийг тус улсын Цагдаагийн газрын Аюулгүй байдлын хэлтэст аваачсан байна. Эрликая “Стамбул олон зууны турш олон шашны төлөөлөгчдийн өлгий нутаг байсан, цаашид ч тийм байх болно.

Манай улсын энх тайван, амгалан тайван байдлыг алдагдуулахыг оролдсон хүмүүсийг бид хэзээ ч тэвчихгүй” гэж хэлжээ. Тэрбээр “Туркт өнгөрсөн оны зургадугаар сараас хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг 46 ажиллагаа явуулсан” гэж нэмж хэлсэн байна.

“Infonavigator”-т мэдээлснээр, Стамбул хотын Сарыер дүүрэгт байрлах католик сүмд үл таних зэвсэгт этгээдүүд нэвтэрч, халдлага үйлдсэний улмаас нэг хүний ​​амь хохирсон байна. Энэ талаар Туркийн Дотоод хэргийн сайд Али Эрликая мэдэгджээ.

Халдлага нэгдүгээр сарын 28-ны Ням гаригт болсон бөгөөд баг зүүсэн хоёр этгээд сүмд нэвтрэн, улмаар гал нээж, нэг хүний ​​амь хөнөөсөн байна. Сайд хэлэхдээ “Өнөөдөр 11:40 цагийн орчимд Сарьер хотын Бүйүкдэр дүүрэг дэх Гэгээн Мариагийн сүмд мөргөл үйлдэх үеэр баг зүүсэн хоёр этгээд зан үйлд оролцсон хүмүүсийн нэгийг буудаж, аминд нь халдлаа” гэж тэмдэглэжээ.

Хэвлэлд Ням гаргийн орой “Халдлага үйлдсэн этгээдүүд эмгэнэлт хэргийн дараа хэргийн газрыг орхин зугтсан гэх мэдээлэл байна. Туркийн хууль сахиулагчид мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж, халдлага үйлдэгчдийг эрэн хайж байна” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: , TENGRI NEWS, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу