Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин “БНАСАУ зүүн эргийн ус руу далавчит пуужингууд харвалаа” гэж мэдэгдэв. Сүүлийн саруудад цөмийн зэвсэгтэй коммунист улс удаа дараа пуужин туршсан нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлжээ.

Ням гаригт хөөргөсөн пуужингууд “Синпо” боомтын ойролцоо туссан байна. Одоогийн байдлаар пуужингийн тоо, төрөл тодорхойгүй байгаа аж.

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт “Pulhwasal-3-31” нэртэй стратегийн шинэ далавчит пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг мэдээлсэн.

Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо (JCS)-ноос, Бямба гаргийн 08:00 (GMT 23:00) цагт харвасан шинэ пуужингуудын талаар мэдээлэхдээ “Манай арми Хойд Солонгосын өдөөн хатгасан шинжтэй үйлдлүүдийг ажиглаж, АНУ-тай нягт уялдаатай ажиллаж байна” гэж мэдэгдсэн билээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун туршилтыг амжилттай болсон гэж тодорхойлсон. Тэрбээр “Энэ нь “Тэнгисийн цэргийн хүчирхэг хүчин байгуулах зорилготой армийг шинэчлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд стратегийн ач холбогдолтой” гэж хэлснийг Пёньяны төрийн мэдээллийн агентлаг KCNA мэдээлэв.

Ким сүүлийн саруудад бодлогын чиглэл, үг хэллэгдээ улам түрэмгий хандаж, энхийг сахиулах, цэргийн ажиллагааг эрчимжүүлэх зорилготой хэд хэдэн гэрээг цуцалжээ.

Пёньян нэгдүгээр сарын эхнээс хойш хатуу түлшээр ажилладаг шинэ пуужин болон цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой шумбагч онгоц туршсан гэж мэдэгдсэн.

Тэд НҮБ-ын хориг арга хэмжээг илт үл ойшоож, зэвсгийн бүтээн байгуулалт хийснээс хойш хоёр жил орчим сар тутам пуужин хөөргөж буй юм. Энэ сарын эхээр Ким Жон Ун Өмнөд Солонгостой дахин нэгдэх үндсэн зорилго талаар болсныг зарлаж, Өмнөдийг “гол дайсан” хэмээн тодорхойлсон. Энэ нь “Хойд Солонгос дайнд бэлтгэж байна” гэсэн болгоомжлолд хүргэсэн.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол энэ сард хэрвээ Умардын тал өдөөн хатгалга хийсэн тохиолдолд Өмнөд Солонгосын арми хариу арга хэмжээ авах асар их чадавхитайг онцлоод, “Олон дахин маш хүчтэй хариу цохилт өгөх болно” гэжээ.

Эх сурвалж: BBC, YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу