Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуулийн дэд захирал Жао Вей Шөн нар нэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзлаа.

Энэхүү уулзалтаар нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Тус санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын зам, тээврийн салбар, тэр дундаа нисэхийн чиглэлийн боловсон хүчин бэлтгэх, бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломж бүрдэж байна.

Ташрамд дурдахад: Бээжингийн нисэх, сансар судлалын их сургууль 1952 онд Хятадын нисэх, сансрын чиглэлээр 8 их, дээд сургууль, судалгааны газруудыг нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан, БНХАУ-ын үндэсний 16 гол их сургуулийн нэг.

Түүнчлэн агаар, сансрын орон зайн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр дэлхийд нэгдүгээр зэрэглэлд багтдаг, тээврийн шинжлэх ухаан, технологи болон материалын инженер, механик инженер, эрчим хүчний инженерийн чиглэлээр дэлхийд эхний 50 байранд багтдаг сансар судлалын шилдэг их сургуулиудын нэг юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу