БНАСАУ зүүн эргээс, шумбагч онгоцноос пуужингууд харваснаас хоёрхон хоногийн дараа баруун эргээс далавчит пуужингууд харвасан талаар Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдэгдэв.

Штабуудын дарга нарын нэгдсэн хороо (JCS)-ноос Хойд Солонгос өглөөний 07.00 цагийн орчимд баруун эргээс пуужингууд харвасныг илрүүлсэн гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар пуужингийн тоо тодорхойгүй байгаа аж.

JCS сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Манай арми хяналттай, сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ Хойд Солонгосын өдөөн хатгасан шинжтэй үйлдлүүдийг хянахын тулд АНУ-тай нягт уялдаа холбоотой ажиллаж байна” гэж дурджээ.

Хойд Солонгосын тал долоо хоногийн дотор ийнхүү гурав дахь удаагаа далавчит пуужингууд харваж буй юм.

БНАСАУ-ын төрлийн мэдлийн төв хэвлэл өнөөдөр өглөө “Удирдагч Ким Жон Ун шумбагч онгоцноос далавчит пуужин харвах туршилтыг удирдан явуулж, цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц бүтээх төсөлтэй танилцсан” гэж мэдээлжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн (KCNA) “Pulhwasal-3-31” пуужингууд Зүүн тэнгис дэх жижиг арлын урьдаас тогтоосон байд оновчтой туссан гээд, пуужингийн тусгал зэргийн талаарх мэдээллийг дурдаагүй байна.

Өмнөд Солонгосын цэргийнхний мэдэгдсэнээр, Хойд Солонгосын тал өнгөрсөн Ням гаргийн өглөөний 08.00 цагийн орчимд зүүн нутгийн Синпо боомт хот орчмын тэнгисийн орон зайд далавчит пуужингууд харважээ.

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт анх удаа “Pulhwasal-3-31” нэртэй шинэ далавчит пуужин туршсанаа мэдэгдсэн. Шинжээчид үүнийг “Тактикийн цөмийн цэнэгт хошуу тээх чадавхиа сайжруулах оролдлого хийлээ” гэж үзэж байгаа аж.

Далавчит пуужингууд нам өндөрт нисэж, маневр хийдэг тул пуужингийн довтолгооноос хамгаалах системээс бултах илүү боломжтой юм байна.

Эх сурвалж: YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу