Камила Валиеваг цаашид олимпийн аварга гэж үзэх боломжгүй болжээ. Учир нь, Спортын арбитрын шүүх (CAS) Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA)-ийн  мэдээллийг хүлээн зөвшөөрч, Оросын уран гулгагчийн шинжилгээ өгсөн өдрөөс буюу 2021 оны арванхоёрдугаар сараас хойш үзүүлсэн бүх амжилтыг хүчингүй болгож, тэмцээнд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан байна.

Лозаннад Сэргээшийн хэргийг хэлэлцэх сонсгол 2023 оны есдүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд болж, арваннэгдүгээр сард дахин хоёр хурал зохион байгуулжээ. Оросын уран гулгагч Камила Валиева дээрх хурлуудад цахимаар оролцсон байна. CAS-ын шийдвэрт дурдсанаар, өдгөө 17 настай К.Валиева сэргээшийн эсрэг дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон байна.

CAS Оросын сэргээшийн эсрэг агентлаг буюу РУСАДА-гийн сахилгын хорооны шийдвэрийг хүчингүй болгожээ. РУСАДА Валиеваг буруугүй гэж үзэн, түүнд шийтгэл ногдуулаагүй бөгөөд зөвхөн Оросын аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтыг нь хүчингүй болгожээ.

Талууд CAS-ын шийдвэр гаргасан үндэслэл, түүнд агуулагдаж буй тодорхой мэдээллийг нууцалсан хэвээр байхыг шаардаж болох аж. Талууд хязгаарлагдмал үндэслэлээр 30 хоногийн дотор Швейцарын Холбооны улсын шүүхэд давж заалдаагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг эцсийнх гэж үзэх юм байна.

Бээжингийн 2022 оны Олимпын наадмын дундуур Валиеватай холбоотой сэргээшийн дуулиан дэгдсэн билээ. 2021 оны арвандугаар сарын 25-ны өдөр буюу Оросын аварга шалгаруулах тэмцээний үеэр Валиевагаас авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан нь Бээжингийн Олимпын уран гулгалтын багийн төрлийн тэмцээн дууссаны маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тодорхой болсон. Тухайн үед 15 настай байсан Валиева уг тэмцээнд багийн хамт алтан медаль хүртэж, АНУ-ын баг хоёрдугаар байрт орсон билээ.

CAS Валиеваг Бээжингийн Олимпын тэмцээнээс хасахгүй байхаар шийдвэрлэж, Оросын уран гулгагч ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байрт орсон юм. Олимпын уран гулгалтын багийн төрөлд медаль хүртсэн тамирчдад шагналыг нь гардуулаагүй байгаа бөгөөд энэ тэмцээний үр дүнг хэрхэхийг Олон улсын олимпын хороо шийдвэрлэх ажээ.

Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI, RAMBLER
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу