АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Сири-Йорданы хил дээр буй АНУ-ын хүчин рүү дайрсан халдлагын хариуг барих төлөвлөгөө боловсруулахыг тушаажээ. Энэ хүрээнд боломжит саналуудаас Ирак, Сири дэх Ираны цэргийн албан хаагчид руу дайрах асуудлыг аьч хэлэлцэж байгаа аж. Энэ талаар Даваа гарагт “Politico” сонин эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

Тэдний үзэж буйгаар, Америкийн төрийн тэргүүн АНУ-ын хариу арга хэмжээний хэд хэдэн хувилбарыг танилцуулахыг шаардсан байна. Энэ нь бусад халдлагуудыг шийдэмгий дарж, үүний зэрэгцээ Ойрхи Дорнод дахь байдлыг улам хурцатгахад хүргэхгүй байх зорилготой аж.

Сурвалжлагч нарын мэдээлснээр, Пентагон хариу арга хэмжээ болгон Сири, эсвэл Ирак дахь Ираны цэргийн албан хаагчид, мөн Персийн булан дахь Ираны тэнгисийн цэргийн байгууламжуудад цохилт өгөх талаар хэлэлцэж буй юм байна. Тус сонинд тэмдэглэснээр, Америкийн удирдагчийг зөвшөөрсний дараа хариу арга хэмжээ авах магадлалтай бөгөөд хэд хоногийн дотор хэд хэдэн зорилтот цохилтыг дараалан өгөх бололтой.

Эх сурвалжууд “Байден эцсийн шийдвэр гартал энэ талаар ам нээхгүй байх магадлалтай” гэж “Politico”-д мэдэгджээ. Үүний зэрэгцээ тус сонин “Хариу арга хэмжээ нь Ойрхи Дорнодын байдлыг улам хурцатгаж болзошгүй” гэж тэмдэглэсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн Даваа гарагт “АНУ-ын засаг захиргааны бүс нутаг дахь цэрэг, ашиг сонирхолд халдаж буйг таслан зогсоох хариу арга хэмжээ олон үе шаттай байж, цаг хугацаа их орж магадгүй юм” гэж хэлжээ.

Сири-Йорданы хилийн аль-Танф дүүрэгт байрлах барууны эвслийн цэргийн баазад нэгдүгээр сарын 27-ны өдөр нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэж, Америкийн гурван цэрэг амиа алдаж, 40 хүн шархадсан.

Газын зурваст Палестин-Израилийн мөргөлдөөн хурцдаж эхэлснээс хойш Сири, Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу пуужин, нисгэгчгүй онгоц ашиглан довтлох ажиллагаа олон удаа давтагдаж буй юм.

Шийтийн зэвсэгт бүлэглэлүүд “АНУ Израилийн армид цэргийн тусламж үзүүлсээр байгаа тул Сири, Ирак дахь зэвсэгт ажиллагааныхаа тоог нэмэгдүүлнэ” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу