Казахстан улс өнгөрсөн Даваа гараг (нэгдүгээр сарын 29)-т Европын хөрөнгө оруулагчдад Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн төв байгуулах  зорилгоор Каспийн тэнгисийн Актау, Курык боомтууд, мөн 22 нисэх онгоцны буудлын менежментийг санал болгожээ.

Казахстаны Тээврийн сайд Марат Карабаев Брюссельд болсон Европын Холбоо-Төв Азийн тээврийн холболтын асуудлаарх хоёр өдрийн форумын нээлтийн үеэр үг хэлэхдээ энэ талаар мэдэгдсэн байна.

Карабаев “Бид Казахстаны үлдсэн 22 нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн төв болгох зорилгоор Европын хөрөнгө оруулагчдад өгөхөд бэлэн байна” гэж хэлжээ. Үүнээс гадна тэрбээр Каспийн тэнгисийн Актау, Курык дахь далайн боомтуудын талаар ижил төстэй түншлэлийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Дээрх чуулга уулзалтад олон албан тушаалтнууд ирсний дотор бизнесийн хүрээний олон тооны төлөөлөл оролцжээ. Тодруулбал, Төв Азийн таван орны засгийн газрын төлөөлөгчид, түүнчлэн Комиссын Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис, ЕХ-ны Гадаад харилцааны тэргүүн Жозеп Боррел, Тээврийн асуудал хариуцсан комиссар Адина Валеан зэрэг ЕХ-ны өндөр албан тушаалтнууд оролцсон байна.

Карабаев Казахстаны гол байр суурийг онцлоод, “Глобал гарц” санаачилгаар Төв Азийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж байгаа Европын түншүүддээ талархал илэрхийлжээ.

Тэрбээр Казахстанд авто болон төмөр замын тээвэр мэдэгдэхүйц нэмэгдсэнийг онцлон тэмдэглэснийхээ дараа агаарын тээврийн салбар ч асар хурдацтай хөгжиж, Казахстаны агаарын орон зайн ашиглалт сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэнийг онцолсон байна.

Орос Украиныг эзлэн түрэмгийлж, барууны орнууд хориг арга хэмжээ авсны дараа Казахстаны агаарын орон зайгаар зорчих олон улсын нислэгийн чиглэл өөрчлөгджээ.

Сайд хэлэхдээ “Казахстан улс далайн флотоо бэхжүүлж, Актау боомтод чингэлэг тээвэрлэх төв байгуулж, энэ онд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Казахстан шинэ хөрөнгө оруулагчдад терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд 171 га газрыг санал болгож буй юм байна.

Карабаев “2029 он гэхэд 40 Г/ватт хүчин чадалтай “ногоон” устөрөгч үйлдвэрлэх томоохон төсөл хэрэгжиж, Курык боомтоор 12 сая тонн “ногоон” аммиак тээвэрлэж, улмаар “ногоон коридор” бий болгоно” гэж хэлжээ.

Тэрбээр далайн тээврийн тухайд хэлэхдээ, “Актау, Курык далайн боомтын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 2022 онд 1.5 сая тонн байсан бол 2023 онд 86 хувиар нэмэгдэж, 2023 онд 2.8 сая тоннд хүрсэн” гэжээ.

Мөн “Энэ онд бид энэ үзүүлэлтийг 4.5 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа бол 2025 он гэхэд 6 сая тонн тээвэрлэнэ” гэж хэлсэн байна.

Карабаевын хэлснээр, өнөөдрийг хүртэл дээрх боомтуудыг голдуу Казахстаны экспортлогчид ашигладаг байсан ч түүний улс Европын компаниудыг Казахстаны сайтуудыг Европ, Азийг холбосон гол транзит зам болгон ашиглахыг дэмжсэн байна.

Тэрбээр энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд Астана хотноо болох “Шинэ торгоны замын тээврийн форум”-д Европын компаниудыг оролцохыг урьж, Казахстанд энэ оны есдүгээр сард Европын холбоо, Казахстаны тээврийн салбарын түншлэлийн асуудлаар томоохон хөрөнгө оруулалтын форум зохион байгуулахаа мэдэгдэв.

Европын комиссын Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис үндсэн илтгэлдээ бага хуралд оролцож буй олон улсын түншүүд Төв Азийн тогтвортой тээврийн харилцааг хөгжүүлэхэд 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр амалж буйд маш их баяртай байгаагаа илэрхийлжээ. Үүнд Европын Комисс болон Европын Хөрөнгө оруулалтын банкны 1.5 тэрбум еврогийн шинэ амлалтууд багтсан байна.

Эх сурвалж: EURACTIV
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу