Элон Маск “Neuralink” компани тархины суулгац (чип)-аа эхний өвчтөнд амжилттай суулгасан талаар нийгмийн сүлжээгээрээ дамжуулан саяхан зарласан байна. Тэрбээр туршилт амжилттай болж, тархины чип суулгуулсан өвчтөний биеийн байдал сайжирч байгаа талаар мэдээлжээ.

“Neuralink”-ийн бүтээсэн тархины суулгац тархи, нугасны гэмтлийн улмаас хөдөлгөөний бэрхшээлтэй болсон хүмүүст бодол санаагаараа дамжуулан компьютер удирдах боломж олгох зорилготой аж. Тус компани өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ын Хүнс, эмийн захиргааны газар (FDA)-аас зөвшөөрлөө авч, туршилтаа эхлүүлж байв.

Маск “Neuralink”-ийн шинэ бүтээгдэхүүн болох “Telepathy”-ийн тусламжтайгаар хүн зөвхөн бодлоороо компьютер, гар утас, тэдгээрт холбогдсон ямар ч тоног төхөөрөмжийг удирдаж болно” гэж тайлбарлажээ.

Тэрбээр “Telepathy” хэмээн нэрлэсэн шинэ бүтээгдэхүүний эхний хэрэглэгчид хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс байхыг хэлээд, Стивен Хокингийн талаар жишээ болгон дурдсан байна.

“Neuralink” өмнө нь тархины чипээ амьтад дээр туршсан бөгөөд туршилтын үеэр сармагчнууд бодол санаагаараа компьютер удирдаж, тоглоом тогложээ.

Тус компанийн шинэ бүтээгдэхүүн болох чипийг хүний тархинд 2 мм гүн суулгах бөгөөд суурилагдсан чип тархины дохиог компьютерын тоон дохио болгон хувиргадаг байна.

“Neuralink” шинэ бүтээгдэхүүнээ 5-10 хүнд зургаан сарын хугацаанд туршсаны дараа гарах үр дүнгээс хамаарч цаашдын алхмуудаа хийхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: ВВС, FIRSTPOST
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу