“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-аас “Авлигын төсөөллийн индекс 2023”-ын үзүүлэлтийг өнөөдөр Нээлттэй нийгэм форумын байранд зарлалаа. 

Энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо манай улсын хувьд долоон эх сурвалжийг ашигласан байна.

Манай улсын авлигын индексийн сүүлийн зургаан жилийн оноо 

  • 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт 
  • 2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт 
  • 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт 
  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт 
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт 
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал “Монгол улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа. Бүс нутгийн хувьд нийт иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-аас доош оноотой улс орнуудын авлигын оноо нь бага гэж үзэж болно.  Зүүн европ буюу хуучнаар зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн байсан улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа. 

Хойд болон өмнөд америк тивийн нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна. 33 оноо гэдэг нь эдийн засаг, улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон. Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65. Дундаас доогуур орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индексийн дундаж оноо нь 33 юм. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг” гэв. 

Авлигын индексээр хэмждэг зүйл:

  • Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх 
  • Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх 
  • Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх 
  • Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх 
  • Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг. 

Авлигын индексээр хэмждэггүй зүйл:  

  • Авлига авсан өгсөн тохиолдол тус бүр 
  • Татвараас зугтааж зайлсхийсэн эсэх 
  • Хууль бус санхүүгийн гүйлгээ
  • Мөнгө угаах гэмт хэрэг 
  • Далд эдийн засаг
  • Тухайн улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, үр нөлөө

Л.ЗУЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу