“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-аас “Авлигын төсөөллийн индекс 2023” үзүүлэлтийг танилцууллаа.

Монгол Улс өнгөрөгч 2023 оны хэмжээнд 33 оноо авч, 180 улсаас 121-р байрт эрэмбэлэгджээ. Энэ нь 2022 оны индекстэй адил оноо хэдий ч таван байр ухарсан үзүүлэлт болж байна. 

Судалгаагаар Монгол Улсад дараах зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, 

  • Төрийн анхан шатны мэдээлэл хомс.
  • Иргэдийн мэдэх эрхийг хангаж чадахгүй байна.
  • Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах асуудал ноцтой зөрчигдөж байна.
  • Төрийн албан хаагчдын чадавх сул. Ялангуяа үйл ажиллагаанд нь хүний эрхийн мэдрэмж дутагдсан байна. Иймд тэднийг чадавхжуулах, мэргэшүүлэх шаардлагатай.
  • Шүгэл үлээгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн тогтолцоо сул байна.
  • Олон Улсын зээл тусламж, хандив зэргийг хүлээн авахдаа хэрхэн зарцуулснаа ил тод болгоно хэмээн баталгаа гаргадаг ч ил болгодоггүй. 
  • Авлигын гол эх үүсвэр нь төрийн өмчит компани, төрийн байгууллагын шударга бус томилгоонд үндэслэж байна. Үүнээс үүдэж, авлига ашиг сонирхлын зөрчил гарч байна. 
  • Төрийн өмчит компаниуд, тэр дундаа уул уурхайн салбарын засаглалын асуудал хүнд байна гэж дүгнэжээ.

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Гэвч 2023 оны авлигын индексээр Монгол Улс таван байр ухарчээ. Энэ талаар “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяраас тодрууллаа.

-Төрийн өмчит компаниудын томилгоо шударга бус байна гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-аас төрийн өмчит компаниудад өгч буй хамгийн том сануулга бол томилгоо нь шударга биш байна. Улс төрийн нөлөөлөлтэй томилгоонууд хийгдэж байна. Үүнийг дагаад монополчилсон, шударга биш, эсхүл үнийн дүн хэт зөрүүтэй ханган нийлүүлэлт, худалдан авах ажиллагаанууд явагдаад байна. Тийм учраас төрийн өмчит компанийн томилгоог шударга, нээлттэй, үр дүн, чадавхад суурилж хийгээч гэдэг анхааруулга өгч байна. 

Мөн төрийн албан хаагчдын мэргэшсэн байх асуудлыг анхаарах шаардлагатай. Тэднийг чадавхжуулж чадахгүй бол авлигын төсөөллийн индексээр манай улс дорвитой ахиц гаргаж чадахааргүй болсон.

-Авлигын индексийн үнэлгээг хэр хугацаанд судалж гаргасан бол?

-Эдгээр дүгнэлтүүдийг гаргахдаа 2022, 2023 оны тайлангуудыг ашигласан. Судалгааны тухайд бүтэн жилийн хугацаанд хийгддэг. “Авлигын төсөөллийн индекс”-ийг Монгол Улсаас үнэлж гаргадаггүй. Берлинд тусгай аргачлалын хүрээнд судалж гаргадаг. Тэр тоон мэдээллийг нь бид зарлах л үүрэгтэй юм. 

-Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгож зарласан. Энэ хүрээнд 5Ш ажиллагааг эхлүүллээ. Мөн хоёр сонсгол хийсэн. Энэ бүхэн судалгаанд нөлөө үзүүлээгүй юу. Тухайлбал, төрийн өмчит компаниудын томилгоо шударга бус байна гэлээ. 5Ш ажиллагааны нэг болох Шүүр ажиллагааны хүрээнд өнгөрсөн жил 481 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 1344 албан тушаалтны зөрчлийг арилгуулсан гэж албаныхан мэдээлсэн… 

-Үнэнийг хэлэхэд, нөлөө үзүүлээгүй. Учир нь тэдгээр тоон мэдээлэл ил тод бус, хомс байна. Төр хийсэн л гэсэн. Гэхдээ судалгааны хүрээнд авч үзэхэд нотлогдохуйц, нотлох баримтын хэмжээнд хангалттай тоон мэдээлэл алга. 

-Авлигын индексээр Монгол Улсын оноо өнгөрсөн жилийнхтэй адил байгаа хэдий ч бусад орнуудтай харьцуулахад таван байраар ухарсан байна. Оноог нэмэгдүүлэхийн тулд олон зүйлийг сайжруулах шаардлага байна. Үүнээс нэн тэргүүнд өөрчлөх, сайжруулах шаардлагатай нь гэвэл юуг нэрлэх вэ?

-Ерөнхий зөвлөмжид тусгагдсан хамгийн наад захын ажил бол шаардлагатай мэдээллийг ил тод болгох. Шаардлагатай мэдээллүүд нь ил тод байхгүй учраас үнэлгээнүүдэд уналттай гарч байгаа юм. 

Хэдийгээр хууль тогтоомжийн хүрээнд манай улс харьцангуй сайн ч үүнийг хэрэгжүүлж чадахгүй байна. Төрийн байгууллагууд өөрсдөө хуулиа зөрчөөд байх тохиолдлууд гарах тусам бүх индекст сөргөөр нөлөөлнө. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу