“Өргөө” амаржих газарт амаржсан эхийг коронавирусийн халдвартай нь батлагдсаны дараа ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан нь иргэдийн бухимдлыг дагуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорч, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч байв. Цар тахлын амаргүй үед НЭМГ-ын даргаар Б.Бямбадоржийг томилсон. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Б.Бямбадоржийн гаргасан хууль бус шийдвэр, томилгоотой холбоотой асуудлууд гарсаар байв.

Цар тахлын хуулийн хүрээнд томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга, Дэд сайд, агентлаг, газрын дарга нар өнгөрөгч оны сүүлээр хуулийн үйлчлэл дууссантай холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл НЭМГ-ын дарга Б.Бямбадорж үүрэгт ажлаа хийсээр байсан. Олон хүнийг хууль бусаар шахан хавчиж ажлаас нь халах, халаа сэлгээ хийх, огноо давхардуулан тушаал шийдвэр гаргах, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан нь аудитын шалгалтаар тогтоосон, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэхчилэн хууль бус асуудлууд хөвөрдөг.

Түүний эл үйлдлүүдтэй холбоотой цуврал нийтлэл манай сайтад гарсан. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн эрүүл мэндийн газарт шалгалт оруулсан юм. Шалгалтаар тус газар маш хангалтгүй үнэлгээ авч, хууль зөрчсөн тушаал шийдвэрүүдийг ТАЗ-өөс Нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад нь танилцуулсан байдаг. Үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн, тушаал шийдвэрүүд нь хууль бус байсан зэрэг олон зөрчил, дутагдал гаргасан тул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажил хүлээлцэх шийдвэр гарсан байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу