ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр гадаадын орнууд дахь Зөвлөлт Холбоот Улс болон Оросын эзэнт гүрний эзэмшилд байсан үл хөдлөх хөрөнгүүдийг хайх, бүртгэх, хууль эрх зүйн хамгаалалтад авах, тэдгээртэй холбоотой зардлыг гаргах тухай зарлигт гарын үсэг зурсан.

Өдгөө уг асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар болон ОХУ-ын Гадаад хэргийн яам хариуцаж ажиллаж байгаа ажээ.

Барууны холбоотнууд эдийн засгийн хориг арга хэмжээнийхээ хүрээнд ОХУ-ын 300 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг битүүмжилж, Украины ашиг сонирхолд зарцуулах арга хэмжээ авч буй.

Зарим ажиглагчид Путины зарлиг түүний эсрэг авсан хариу арга хэмжээ байж болохыг дурдаж байгаа юм. Учир нь Оросын эрх баригчид барууны үйлдлийг эсэргүүцэж, мөн адил хариу арга хэмжээ авахаа илэрхийлсээр ирсэн билээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь Оросын гадаад дахь эд хөрөнгийг хураах аливаа оролдлогыг “хулгай дээрэм” гэж үзэхээ анхааруулж байв.

Дэлхийн улс орнуудын шинжээч, судлаачид В.Путины энэ шийдвэрийг өөр өөрийн өнцгөөр тайлбарлахыг оролдож буй. Тухайлбал, Финландын Олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Аркадий Мошес “Helsingin Sanomat”-д ярилцлага өгөхдөө Финлянд улс Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсан ч Суоми үүнийг анхаарч үзэх шаардлагагүй” гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Орос улс маш том хэмжээний төсөл санхүүжүүлж эхлэх тухай Ерөнхийлөгч Владимир Путины зарлигийг нийтлэв. Финландын Их Вант улс 1809-1917 онд Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсан. Нэгэн цагт Хойд Америкийн баруун хойд хэсэгт орших Аляска ч Оросын мэдэлд байв.

Зарлигийн тодорхой бус, “хүнд сурталтай” текст өмнө нь Оросын эзэнт гүрэн, ЗСБНХУ, эсвэл Оростой хиллэдэг мужуудад асуудал үүсгэж магадгүй. Финландаас гадна Польш, Украины талаар ч энд ярьж болно” гэжээ.

Путины зарлиг ОХУ хөршүүддээ шахалт үзүүлж, бүх төрлийн хямрал бий болгох бас нэгэн хэрэгсэл болж чадах уу? Шинжээч Аркадий Мошес энэ талаар хэлэхдээ “Ийм магадлал бага” гэж мэдэгдсэн байна.

Тус хүрээлэнгийн Еврази, Орос болон Европын холбооны зүүн хөршийн судалгааны хөтөлбөрийг удирдаж буй Мошес “Зарлигт нэг их ач холбогдол өгөх шаардлагагүй” гэж хэлжээ.

Тэрбээр ийм зарлиг гарах болсон шалтгаан нь ОХУ-ын хувьд төсвөө бүрдүүлэх “заль мэх”-тэй нь холбоотой байж болзошгүй. Тэд бусад улс оронд аюул занал учруулж чадахгүй” гэж үзэж байгаа аж.

Мөн шинжээч “Орос улс зуу гаруй жил бие даан оршин тогтносны дараа үүссэн асуудлаар шүүхэд ялах боломжгүй” гэжээ.

Тэрбээр “Путины Орос улс өөрт ашигтай, өөр бодит байдал бий болгохыг үнэхээр хичээж байна” гээд, үүний тулд хууль тогтоомж ашиглаж байгааг хүлээн зөвшөөрч байгаа аж.

Аркадий Мошес ОХУ-д энэхүү зарлигийг хөрш орнуудын эсрэг хэрхэн ашиглах талаар ямар ч “хувилбар” харагдахгүй байна. ЗСБНХУ, Финланд хооронд байгуулсан олон улсын бүх гэрээ (тусгаар тогтнолын дараа болон дэлхийн хоёрдугаар дайны дараа) хүчин төгөлдөр хэвээр байгаа тул орчин үеийн Орост маргаантай асуудлууд олоход хэцүү байх болно” гэж онцлон тэмдэглэжээ.

Шинжээч Орос Ерөнхийлөгчийн зарлигаа суртал ухуулгын зэвсэг болгон ашиглаж болно гэсэн таамаглал дэвшүүлж буйгаа хуваалцсан байна.

Мошес хэлэхдээ “Оросууд Финланд, эсвэл Польшийн зууны өмнөх үл хөдлөх хөрөнгийн эргэн тойронд гарч болзошгүй маргаанд санаа зовохгүй байх магадлалтай гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Эх сурвалж: THE MOSCOW TIMES, HF
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу