Сүүлийн үед залуус хялбар аргаар мөнгө олох зорилгоор BET буюу спорт бооцоо тавьж, их хэмжээний мөнгө алдах тохиолдол гаарч байна. Өсвөр үеийнхэн, оюутан залуус, хөдөлмөрийн насныхан үүнд автан, бусдын болон өөрийн эд хөрөнгийг ломбардад тавьж, ойр дотнын хүмүүсээсээ мөнгө зээлж тоглох болжээ.

“ДҮҮГЭЭ АРАЙ Ч ИЙМ ЗҮЙЛ ХИЙХГҮЙ БАЙХ ГЭТЭЛ BET ТАВИАД, 20 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ АЛДЧИХСАН БАЙСАН”

Тэдний нэг нь 21 настай У гэх оюутан залуу. Тэрбээр анхандаа багахан хэмжээний мөнгөөр сагсан бөмбөг, волейбол зэрэгт бооцоо тавьдаг байжээ. Тавьсан 10 мянган төгрөг нь 200 мянга болтлоо өсөх үед BET-ийг хялбараар мөнгө олох боломж хэмээн харж, эцэг эхийнхээ өгсөн мөнгийг өсгөхөөр шийдсэн байна. Улмаар мөнгөө алдсаар, түүнийгээ буцаан олохоор шунаж эхэлжээ. Ийм байдалтайгаар гурван сарын турш бооцоо тавьж, 20 гаруй сая төгрөгийн өрөнд орсон аж.

У их сургуульд ордог жилээ буюу гурван жилийн өмнө Улаанбаатарт ирж, үеэл эгчийндээ амьдарч буй. Түүний үеэл И сэрэмжлүүлэг болгох үүднээс бидэнд дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Манай үеэл дүү эхэндээ 10, 20 мянган төгрөгөөр сагс, волейбол зэрэгт бооцоо тавьдаг байсан юм. Би түүнийг нь мэдээд, сэрэмжлүүлдэг л байлаа. Гэтэл сүүлдээ их хэмжээгээр тавьсаар, 10-20 сая төгрөгийн өрөнд орчихсон байсан. Тэрийг нь нэлээд хэдэн сарын дараа мэдсэн юм.

Гэртээ эрт ирдэг хүүхэд оройтоод, худлаа хэлээд байсан болохоор ямар нэг юманд орсон байх вий гээд асууж үзсэн. Ангийнхаа хүүхдүүдийн нөүтбүүкийг авч, ломбардад тавиад, тэр мөнгөөрөө БЭТ тоглосон байна лээ. Тэрийг нь өөрөөс нь сонсчихоод, гэрийнхэнд нь хэлсэн юм.

Аав, ээж нь хөдөө байдаг учраас над руу мөнгө шилжүүлж, түүгээр нь би ломбардуудаас хүмүүсийн нөүтбүүкүүдийг авч, өр зээлийг нь төлсөн. Гэрийнхээ ойролцоох, “Сансар” орчмын ломбардуудаар орсон байна лээ. Таван ломбардаар орж, нөүтбүүкүүдийг нь буцааж авахад нийт 10 гаруй сая төгрөг болсон. Мөн найз нөхөд, хамаатнуудаасаа мөнгө зээлчихсэн байсан.

Бага хэмжээгээр тавьж байхад нь болиулаагүй миний буруу бий. BET гэдэг зүйлийг сайн мэдэхгүй учир спортоор хичээллэдэг хүүхэд сонирхлынхоо тоглоомыг тоглож байна л гэж бодсон.

BET-ийг сошиалд олон дагагчтай, олны танил хүмүүс их рекламддаг юм билээ. Хэдийгээр хүнд мөнгө хэрэгтэй ч дүү шигээ хүмүүст буруу зүйл сурталчилж болохгүй шүү дээ. Төлөвшөөгүй хүүхдүүдийн амар хялбар аргаар мөнгө олж болдог юм байна гэдэг сэтгэхүйг өдөөж өгч байгаа юм” хэмээн хэллээ.

“ОЮУТАН, ЗАЛУУСЫН ТАВЬСАН НӨҮТБҮҮКИЙГ ЭЭЖ, ААВ НЬ ХАЙЖ ИРДЭГ”

Сансарын тойргоос Зүүн дөрвөн зам руу уруудах зам дагуу ломбардууд эгнэжээ. Гурав алхаад л “ломбард” гэсэн хаяг байх нь тэр. Энэ хэсэгт байрлах нэгэн ломбард руу орж, дараах мэдээллийг авсан юм.

Ломбардын эзэн “Залуучууд, тэр дундаа оюутнууд нөүтбүүк тавьж, түүнийг нь өөр хүн ирж авах тохиолдол их гарч байна. “Хичээлээ хийчихээд өгье”, эсхүл “Нөүтбүүкний хэрэг байна, түр хэрэглүүлээч” гэж хэлж, бусдаас аваад, ломбардад тавьж тоглож байна. Хэд хоногийн дараа нөүтбүүкийг нь хайж, ээж, аавууд нь энэ хавиар их явдаг.

“Ийм нөүтбүүк байна уу. Манай хүүхэд оюутан байгаа юм. Тоглоом тоглоод, 10-аад хүүхдийн нөүтбүүк аваад, ломбардад тавьчихсан байна. Гурав, дөрвийг нь оллоо. Үлдсэнийг нь олж чадахгүй байна” гэсэн хүмүүс зөндөө явж байдаг” хэмээн ярьсан юм.

BET БОЛ 100 ХУВЬ АЗЫН ТОГЛООМ. ТИЙМЭЭС БООЦОО ТАВИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА”

ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Ариунгуа “Эрүүгийн хуулийн 20.17-д Мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой заалт бий. Энэ зүйл заалтаар гэмт хэрэг үйлдэгдэж буй эсэхэд цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийж байна. Гэхдээ BET гэдэг нь бооцоо тавьж, азаа үздэг тоглоом. Жишээлбэл, сагсан бөмбөгийн тэмцээн болж, улаан, цэнхэр хоёр баг өрсөлдөж байлаа гэж бодъё. Үүнд цэнхэр баг хожно гэж бооцоо тавилаа. Улаан баг хожсон тохиолдолд тавьсан мөнгөө алдана гэсэн үг. Харин цэнхэр баг ялсан тохиолдолд мөнгөө өсгөж авах боломжтой.

“Та насанд хүрсэн бол BET тоглоорой” гэх агуулга бүхий зар сурталчилгаа сошиал орчинд маш ихээр явж байна. Энэ тоглоомыг тоглоод, маш их хэмжээний мөнгө, эд хөрөнгө алдсан тохиолдол олон байдаг.

100 хувь азын тоглоом учир BET тоглож байгаа хүмүүс санхүүгийн маш өндөр эрсдэлд орох магадлалтай. Тиймээс цахим орчинд явагдаж буй тоглоомыг иргэд тоглохгүй байх хэрэгтэй. Үүнд маш болгоомжтой хандаж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг мөрий, бооцоонд тавихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна” гэв.  

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу