Танд ганцаараа байх боломж тэр бүр олдохгүй үед юу хийдэг вэ. Магадгүй өөрийнхөө ертөнцөд жаахан амсхиймээр санагдсан үедээ чихэвчээ зүүгээд орчноос тасардаг байх. Бүх цаг үед өөрөө өөрийгөө сонсох боломж, орон зайг олгож байдгаараа “чихэвч” хэн нэгний хамгийн сайн найз байж болох юм. Энэ бяцхан зүйлээр дамжуулан хэн нэгний мэдрэмжид уусаж, эсвэл өөрийнхөө дуртай зүйлийн хөг эгшигт дурладаг гэж бодохоор яах ч аргагүй ид шидтэй эд юм даа.

Энэ бяцхан гайхамшиг анх 1880-аад он гэхэд одоогийн чихэвчээс хэлбэрийн хувьд өөрөөр бүтээгдэж байжээ. Учир нь анхандаа толгой дээр тогтоохоор загварчлаагүй аж. Хувийн сонсголын системүүдийн жингийн улмаас энэ нь боломжгүй байсан. Зөвхөн утасны операторуудын ашигладаг чихэвч нь 4 кг гаруй жинтэй бөгөөд хэрэглэгчийн мөрөн дээр байрладаг байжээ. Мөн Electophone-ийн хөгжим сонсоход ашигладаг төхөөрөмж нь эмчийн чагнууртай төстэй байв.

Харин өнөөгийн хэлбэрийг агуулсан жинхэнэ бүтээлийг анх 1910 онд инженер Натаниэль Болдуин гал тогооныхоо ширээн дээр зохион бүтээсэн байна.

 

Тэнгисийн цэргийнхэн Болдуин гараар урлаж байгааг мэдээгүй ч 100 хос чихэвчийг харилцаа холбоондоо ашиглахаар захиалсан нь тухайн үед маш чухал үүргийг гүйцэтгэж байжээ. Харин 1958 онд Жон Косс анхны стерео чихэвч болох Koss SP-3-ийг бүтээсэн байна.

 

 Эртний загварууд нь картон болон буйдангийн хөөсөөр бүрхэгдсэн мини чанга яригчаас бүрддэг байж. Жазз хөгжим сонирхогч Косс радио холбооны хэрэгсэл ашиглахын оронд зөвхөн хөгжимд зориулагдсан зүйлийг санаачилж, хүмүүсийн сонсох аргад хувьсгал хийсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

Ийнхүү чихэвч 144 жилийн түүхийг ардаа орхиж өнөөдрийг хүржээ. Энэ хугацаанд хэдэн мянган хүний өөрийгөө олж авах орон зайн нэгээхэн хэсэг болж байсан нь лавтай.

 Монголчууд дуу хөгжимд хайртай. Тэр тусмаа орчин үеийн хүүхэд залууст энэ бол амар тайван “ахуй” нь болжээ. Тэднийг нийтийн тээвэр, кафе, хичээл сургууль гээд хаана ч явсан “чихэндээ нэг юм шургуулчхаад” хэмээн зэмлэх нь бий. Дан ганц дуу сонсох гэж л чихэвч ашигладаг цаг аль эрт ард хоцорсон. Цахимд байршсан олон төрлийн танин мэдэхүй, шинжлэх ухаан, уран зохиолын мэдээллийг тэд өөрсдийн сонирхлоор шимтэн сонсож яваа. Үүгээр ч зогсохгүй орчноос өөрийгөө тусгаарлах нэг хэрэгсэл болдог. Ингэснээр автобусанд байдгаараа хашхичин амьдралынхаа зовлон зүдгүүрийг тоочих нэгнээс зайгаа барьж, ааг омгоо дийлж чадахгүй хоёр хүний хэрүүлээс зайлсхийж, төвлөрөх ямар ч боломжгүй одоогийн цахим  орчноос өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг юм.
 Өвлийн анхны цаснаар та ажлаа тараад алхаж байна гэж төсөөлье. Мэдээж ямар нэгэн дуртай хөгжмөө сонсмоор санагдана. Чихэвчээ зүүгээд зөвхөн өөрийнхөө ертөнцөд алхаж эхэлнэ шүү дээ. Бороонд бол бүр ч тааламжтай. 

Хаврын хүйтэн өдрүүдэд харин халуун кофе болон намуухан дуу таныг тэврэх шиг болдог биз. Дурласан залуу, бүсгүйдээ очих гэж хэчнээн хол замыг ч түвэггүй туулахдаа хамгийн нандин хайрыг дууг сонсдог. Цонх даган урсах бороон дуслыг харж бодлогошрох мөчүүдэд хэн нэгний борооны тухай дуу таныг тайвшруулж болох юм.

Бидэнд өөрсдийн гэсэн мэдрэх таашаах зүйлс гэж бий. Нэг нэгнээ хүндэтгэн энгийнээр, жаргалтай амьдарч болох хамгийн анхны итгэлийг дуу хөгжим, чихэвч бидэнд өгч байж ч мэднэ. Өглөө эртийн гудамжаар хэн нэгэнтэй инээмсэглэн зөрөх шиг дотно, энгийн мэдрэмжийг хүн бүхэн, өдөр бүр мэдрээсэй. Хаврын хахирган өдрүүд айсуй энэ цагт таны сэтгэлийг жаахан ч гэсэн уужруулах аяз эгшиг хорвоогоор дүүрэн бий. Тэр бүгдийн дунд, зөвхөн өөрийнхөө ертөнцөд амсхийх боломжийг олгодгоороо “чихэвч” бол хэзээнээс л бидний хамгийн сайн найз шиг байсан аж. Өнөөдрийг хүртэл танд, надад байсаар байгаа “найз” даа баярлалаа. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу