Найман жил дараалан эрх барихаараа Ардын намынхан ард түмнийхээ амьдралаас тасардаг юм байна. Өдрийн бор хоногийг аргацаан амь дүйж буй иргэдээ элдэв бусаар хэлж, амьдралаас тасардаг юм байна гэдгийг алхам тутамдаа бид харах болов. Эрх баригчдын ам үнэхээр болдоггүй юм уу, амьдралаас хэт холдохоороо ингэж боддог юм уу, бүү мэд.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ард түмнээ “Улныхан” хэмээн ихэд басамжилж, бах таваа ханган мэдэгдэж байсан цаг саяхан. Ингэхдээ тэр НАМЭХ-ны тэргүүнээр ажиллаж байв.

Ард түмнээ доромжилбол албан тушаалгүй болдог гэдгийг ч тэр өөрийн биеэр харуулж, сайдын суудлаасаа бууж байлаа. Аргаа ядахдаа “Манай яамныхан угаасаа ингэж хэлж ирсэн” хэмээн эрээ цээргүй “бүлтэрч” байсан удаатай.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой маргах үеэрээ гараа зангидан “ална” хэмээн заналхийлж байсан. Түүнчлэн Хотын дарга Х.Нямбаатар ард түмнээ “Бядгүй масс” хэмээн доромж үгээр гутааж байсан гэхчилэн МАН-ынхны иргэдээ дорд үзсэн илтэд дээрэнгүй хандлагыг ард түмэн хангалттай харсан.

Сонгууль хаяанд ирсэн ч Ардын намынхан засрахгүй нь бололтой. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, НАМЭХ-ны тэргүүн Х.Булгантуяа өчигдөр мэдээлэл хийсний дараа цахим хуудсаараа “Монгол эмэгтэйчүүд Солонгосын ЗОЧИД БУУДАЛД АЖИЛЛАХ боломжийг нэмэгдүүлсэн” хэмээн бахархалтайгаа мэдээлсэн юм.

Монголын ард түмэн эх орондоо хэнээс ч гуйхгүй, аль ч оронд очиж “боол”-ын хөдөлмөр эрхлэхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж, ажлын байраар хангаж байх ёстой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ийм үг гарч байгаа нь ард түмнээ дэндүү басамжилсан үйлдэл боллоо.

Уг нь тэр МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн. Тэр эмэгтэйчүүддээ ийм дээрэнгүй, ийм хандлагаар л хандаж байна. Төрийн түшээд түмэн олноосоо дэндүү тасарсныг тэр өөрөөрөө батлан харууллаа. Хүний эрхийн мэдрэмжтэй, хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө цаг ямагт анхаарал тавих ёстой сайдын хандлага ийм л байна.

Нэг талаасаа ийм хүмүүсээ сонгосон ард түмний л хохь. Тиймээс араас нь олон таван үг шидэж, гомдол нэхэх даанч утгагүй. Гэсэн ч цаанаа л нэг хөндүүр байх аж. Ийм л хүмүүс дөрвөн сарын дараа өөрийн зурагт хуудсаа айлуудаар тарааж, ард түмнээс сонголт гуйж очно гээд бод доо. Тэр үед нь иргэд энэ бүгдийг мартаад, нэрийг нь сонгож дугуйлна гээд бод доо. Одоо аливаа зүйлд хэрсүү хандаж баймаар байна.

“Улны”, “Бядгүй масс”-ынхан амьдрахын эрхэнд Солонгосын зочид буудалд ажиллах юм байна. Үүнийгээ ч Ардын намынхан бахдал дүүрэн зарлацгааж байна шүү дээ. Ард түмний амьдрал өөдтэйхэн байсан бол Х.Булгантуяа мэтийн үгэнд гомдож, гоншигонохгүй байх байсан биз ээ.

Эрхэм сайдтан бүх монголчуудаас биш юмаа гэхэд Монголын бүх эмэгтэйчүүдээс уучлалт гуйгаад огцорвол яасан юм бэ. “Эм гашуун ч өвчинд тустай” гэдэг. Доромж утгатай үг хэлсэндээ уучлалт гуйвал дөрвөн сарын дараах сонгуульд тань нэмэртэй шүү дээ.

Э.ЭНХ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу