АНУ-ын “F-16” сөнөөгч онгоц Лхагва гараг (2024.01.31)-т БНСУ-ын баруун эргийн усанд осолдож, нисгэгч азаар амьд гарсан талаар АНУ-ын Агаарын цэргийн хүчнээс мэдээлсэн байна.

Тус онгоц Сөүлээс өмнө зүгт 180 км-ын зайд орших Кунсан агаарын баазаас амжилттай хөөрч, Шар тэнгисийн дээгүүр нисч яваад, өглөөний 08:41 цагийн үед осолдсон, нисгэгчийг 09.30 цагт эсэн мэнд олж аварсан талаар 8-р бүсийн Олон нийттэй харилцах албанаас мэдээлжээ.

АНУ-ын зэвсэгт хүчин нисгэгчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд түүнд эмнэлгийн тусламж үзүүлж, ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэнээ мэдэгдсэн байна.

Наймдугаар бүсийн командлагч, хурандаа Мэттью К.Гэтке “Манай нисгэгчид тусалсан БНСУ-ын аврах хүчин болон багийн хамт олонд бид маш их талархаж байна. Одоо бид нисэх онгоцыг хайх, сэргээн засах ажилд анхаарлаа хандуулна” гэж хэлжээ.

Энэ осол сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-ын “F-16” онгоц гурав дахь удаагаа Өмнөд Солонгосын усанд унаж осолдсон тохиолдол болов.

АНУ-ын наймдугаар бүсийн F-16 онгоц өмнө нь буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бэлтгэл сургуулилт хийж байгаад, Шар тэнгист осолдсон. Мөн АНУ-ын 51-р бүсийн “F-16” онгоц өнгөрсөн тавдугаар сард Сөүлээс өмнө зүгт 60 км-ын зайд орших Пёнтэк дэх Осан агаарын баазын ойролцоо осолдсон. Нисгэгчид онгоцноос гарч амжсан тул дээрх хоёр тохиолдолд хүний ​​амь эрсдээгүй байна.

Эх сурвалж: YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу