Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн зургаан жилийн хугацаанд 67.5 сая рублийн орлого олжээ. Тус улсын Сонгуулийн төв хороо (СЕХ)-ноос өчигдөр (2024.01.30) нийтэлсэн мэдээлэлд Путин тав дахь удаагаа нэр дэвшиж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ энэ тухайгаа мэдүүлсэн талаар дурдсан байна.

Мэдээлэлд дурдсанчлан, ОХУ-ын Ерөнхийлөгчийн орлогод цалин, банкны хадгаламжийн орлого, үнэт цаас, түүнчлэн тэтгэвэр, түүний дотор цэргийн тэтгэвэр, эд хөрөнгө худалдсанаас олсон орлого зэрэг багтжээ.

В.Путин Санкт-Петербургт 77 метр квадрат талбай бүхий орон сууц, 18 метр квадрат талбайтай гаражтай, мөн Москвад байртайгаа мэдүүлэгтээ дурдсан байна. Мөн тэрбээр 1960, 1965 онд үйлдвэрлэгдсэн ГАЗ М21, 2009 оны УАЗ 2121 автомашин, “Скиф” чиргүүлтэй ажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч банканд 54 сая гаруй рублийн хадгаламжтай, Санкт-Петербург банкны нэг бүр нь 280.49 рублийн үнэ бүхий 230 ширхэг хувьцаа эзэмшдэг аж.

Путин 2018 оны сонгуулийн өмнө зургаан жилийн орлого нь 38.5 сая рубль болсон тухай мэдүүлж байсан талаар Сонгуулийн төв хороо мэдээлэлдээ дурджээ. Орлогын эх үүсвэр нь тухайн үед цалин, банкны хадгаламж, цэргийн тэтгэвэр байж. 2012 оны сонгуулийн өмнө Путин дөрвөн жилийн орлогоо одоогийнхоос бараг дөрөв дахин бага буюу 17.7 сая рубль гэж мэдүүлж байжээ.

ОХУ-ын СЕХ-ноос мэдээлсэнээр, Путины хадгаламжийн хэмжээ сүүлийн 12 жилийн хугацаанд бараг 10 дахин өссөн байна. 2012 онд түүний дансанд 5.7 сая рубль байсан бол өдгөө энэ тоо 54 сая давжээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд В.Путины нэр дээр бүртгэлтэй банкны дансны тоо 13-10 болж буурсан ч нийт хадгаламжийн хэмжээ бараг дөрөв дахин нэмэгдсэн аж.

Сэтгүүлчид 2021 онд Ерөнхийлөгч хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос Путин мэдүүлэгтээ байнга дурддаг “Скиф” чиргүүл ашигладаг эсэх талаар тодруулахад тэрбээр “Энэ талаар мэдэхгүй” гэж хариулжээ.

Дашрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх гуравдугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд болно. Тус улсын СЕХ Путиныг энэ сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэсэн бөгөөд тэрбээр тав дахь удаагаа сонгогдох магадлалтай байгаа ажээ.

Эх сурвалж: THE MOSCOW TIMES, FORBES, RBС
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу