Хөвсгөл аймгийн Цагааннуур сум нийт 2024 хүн амтай, газар нутгийнх нь 96 орчим хувь улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг. Нутаглах, отоглох бүсийг хязгаарлаж тогтоосны улмаас нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр болох цаа буга өсгөж, үржүүлэхэд бэрхшээл тулгарч, ундны цэвэр усны гүний худаг байдаггүй тул ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангаж байгаа ажээ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж, 2024 оны нэгдүгээр сарын 28, 29-ний өдөр Цагааннуур сумын Засаг дарга Б.Цэрэн-Очир болон Хамтарсан багийн гишүүд, Зүүн тайгын цаатан иргэдтэй уулзсан байна.

Улмаар өнгөрсөн 2023 онд гарсан зөрчил, мэдээлэлтэй танилцан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, нийгмийн халамж хүртэх, хүүхдийн сурч боловсрох, газар эзэмших зэрэг эрхтэй холбоотой тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Тус сумын цагдаагийн хэсэг автомашингүй, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах төсөвгүй, онцгой байдал хариуцсан нэгжгүй, сумын төв дэх эмийн санд шаардлагатай эм, тарианы татан авалт хангалтгүй, ахмадууд хөнгөлөлттэй эм, тариа худалдан авах боломж хязгаарлагдмал, хүрэлцдэггүй.

Цаашлаад сумын хэмжээнд ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг зэрэг асуудлыг иргэд хөнджээ.

ХЭҮК “2024 хүн амтай сумын хэмжээнд согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй 11 дэлгүүр үйл ажиллагаа явуулж буй нь ахуйн хүрээнд архидан согтуурах, гэмт хэрэг үйлдэгдэх, согтууруулах ундааны хэрэглээний хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлдөг байж болзошгүй” гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Нутгийн удирдлага, иргэдийн зүгээс орон нутаг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Нутгийн хөгжлийн сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх, цаатан иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжоор хангах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хураамжийн тодорхой хувийг орон нутгийн хөгжилд зориулах зэргээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжиж, аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстойг хэлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу