Засгийн газрын өнөөдрийн (2024.01.31) ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, эхний ээлжид 2022 оны ногдол ашиг болох 104 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлэхэд бэлэн болсон талаар мэдээлсэн юм.
Мөн “2023 оны ногдол ашиг 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарсан бөгөөд санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд гуравдугаар сард олгох төлөвлөгөөтэй байна” гэв.
Өнөөдрийн эл шийдвэр нийгмийн олон асуудлыг нам дарсан “гэрэл гэгээ”-тэй шийдвэр байсан бололтой. Иргэд цахим орчинд өөрсдийн хувьцааны данс болон 2012 оноос хойш төрсөн хүүхдийн хувьцааны данс нээлгэх талаар асууж, бужигнаж байна. Мөн зарим нь “Ард түмэндээ дусаачихаад, өөрсдөө тэрбум тэрбумаар нь идэж байгаа биз” гэх мэтээр байр сууриа илэрхийлж эхлэв.
Хэдхэн хоногийн өмнө ахмадууд ногдол ашиг олгох хэрэгтэй хэмээн шаардлага хүргүүлж, удаа дараа хэвлэлийн хурал хийж, нүцгэлж байв. Халаасандаа мөнгөгүй, туйлдсан иргэд тав гурван төгрөг авахын тулд хахир хүйтэнд нүцгэлэхээс буцахгүй байна гэдэг даанч харамсалтай. Улмаар Засгийн газрын шийдвэр гарч, цагаан сарын өмнө ийн хэдэн төгрөг олгохоор боллоо.
Хувьцааны ногдол ашиг тараахаас өмнөх ганцхан хоног, ганц хоёрхон цагийн өмнөх нийгмийн бухимдал, аминд тулсан, бугласан, бугшсан асуудал энэ мөчид таг мартагдаж байна. Стандартгүй хотын балгаар дэлбэрэлтэд өртөж, амиа алдсан онцгой байдлын алба хаагчид, хорт хавдраар дэлхийд тэргүүлэхэд хүргэж буй утаа, нэгээс хоёр цаг хүлээж буй нийтийн тээвэр, оройжин төв зам дээрээ тэг зогсолт хийж буй авто замын түгжрэл гэх мэт бүх асуудал 104 мянган төгрөгийн ногдол ашигт дарагдаж байна.
“Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн тав дахь иргэн өнөөдөр өглөө (2024.01.31) амиа алдсан. Ийм харамсалтай мэдээтэй өдрүүдийн дуу хоолойг таг дуугүй болгосон 104 мянган төгрөг “харанхуйд гэрэл нэмсэн” мэдээ байсан гэж үү. Монголчуудыг загасны ой санамжтай гэж зүгээр ч нэг хэлчихээгүй гэдэг нь үүнээс нь харагдаж байна.
Сар шинийн баярын өмнө иргэд үнэ хүрэх зүйлсээ “барьцаалан зээлдэх газарт тушааж” ааруул, ууцаа авах гэж зүдэрч яваа дүр зураг хаа сайгүй. Нэг килограмм ааруул 60 мянган төгрөгөөр зарагдаж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийн мөнгөөр хоёр кг ааруул ч авч хүрэхгүй. Ийм мөнгөнд л ард түмэн элгээрээ хэвтэж, зовлон, зүдгүүр, уур бухимдал бүхнээ мартаж байна.
Угтаа 400 гаруй мянган төгрөг иргэдэд олгох тухай яриа хаа сайгүй тарсан боловч энэ нь цагаан сарын өмнө амсуулахгүй бол болохгүй гэсэн тактик байж болох юм. Ийнхүү ногдол ашгийг иргэдэд олгох асуудал жил бүрийн цагаан сарын өмнө газар авч, тэнгэрт тулдаг болоод удлаа.
Уламжлал болон тогтож, цаашид ч иргэдийг баярынх нь өмнө тавгийн боовны мөнгөөр хуурдаг байдал тогтчихвол энэ улсын хөгжил дэвшил ч эдгээр асуудал шиг намжих вий гэх айдас төрж байна. 

Одоо ард түмэн “Амьдрал сайхан байна” гэж дуулах л үлдээд байна даа. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу