Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалтай С.Батдөл нарын 7 хүнд холбогдох дээрх хэргийг хянан хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүх бүрэлдэхүүнд ирүүлжээ.

Тодруулбал, шүүгдэгч С.Батдөлийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал нар нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд ирж амжаагүй тул шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хураан авсан билээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны долдугаар сарын 6, 7-ны өдөр хянан хэлэлцээд, дараах шийдвэрийг гаргаж байв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Батдөлд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 7 жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.

Түүнийг буруутгасан үндэслэлүүд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт,

шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял тус оноосон юм.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу