Олон улсын валютын сан (ОУВС) 2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.1 хувьд хүргэж ахиулжээ. Энэ талаар өчигдөр (2024.01.30) нийтлэгдсэн Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тухай шинэ тайланд дурдсан байна.

Тус байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг Хятад, АНУ, хөгжиж буй томоохон зах зээлүүд, эдийн засгуудад гарсан нааштай үзүүлэлтүүдийг харгалзан, өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан таамаглалаас 0.2 пунктээр ахиулсан бол 2025 оны таамаглалыг 3.2 хувьд хэвээр үлдээжээ.

ОУВС тайландаа 2024, 2025 оны үзүүлэлтүүд мөнгөний хатуу бодлого, төсвийн дэмжлэг зогссон, бүтээмжийн өсөлт сул байгаа зэргээс шалтгаалан олон жилийн дунджаас (3.8 хувь) доогуур байгааг дурдсан байна.

Мөн нийлүүлэлтийн тасалдал, мөнгөний хязгаарлалтын бодлого явуулж буй энэ үед инфляц төсөөлж байснаас хурдацтай буурч буйг онцлон тэмдэглээд, дэлхийн инфляц 2024 онд 5.8 хувь, 2025 онд 4.4 хувь болж тус тус буурна гэж урьдчилан таамаглажээ.

АНУ-ын эдийн засаг 2024 онд 2.1 хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх төсөөллөөс 0.6 пунктээр дээшилсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны таамаглалаас илүү хурдацтай өссөнийг харгалзан ийнхүү ахиулсан байна. Харин 2025 оны өсөлтийн таамаглалыг 1.8 хувиас 1.7 хувь болгон бууруулжээ.

ОУВС Хятадын эдийн засгийн өсөлтийг 2023 онд төсөөлж байснаас 0.4 пунктээр ахиулж, 4.6 хувьд хүргэсэн байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг 2025 онд өнгөрсөн оны аравдугаар сарын таамаглалын адил 4.1 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.

Еврогийн бүсийн ДНБ 2024 онд 0.9 хувь, 2025 онд 1.7 хувиар тус тус өсөх төлөвтэй байгаа нь 0.3, 0.1 пунктээр тус тус буурчээ. Энэтхэгийн эдийн засаг 2024, 2025 онд 6.5 хувиар өсөхөөр байгаа нь өмнөх тайланд дурдсанаас нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эх сурвалж: IMF, BLOOMBERG
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу