“Бүжинмед”  эмнэлгийн хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөртэй ярилцлаа. 

-Эмнэлгийнх нь нөхцөл байдлыг харахад одоогоор ачаалал бага байгаа бололтой. Сар шинийн баярын дараа хүүхдүүд хэр олон ирдэг вэ?

-Сурагчдын хичээл урт хугацаанд амарсны дараа дөнгөж орж эхэлж байгаа учир эмнэлгийн ачаалал харьцангуй бага байна. Ханиадны тархалт олон хүний бужигнаанд ихэсдэг учир цагаан сар гэлтгүй баяр ёслол бүрийн дараа хүүхдүүдээ дагуулсан ээж, аавууд олон ирдэг. 

Гэхдээ зөвхөн ханиад биш гүйлгэлт, бөөлжилтийн тоо мөн нэмэгддэг. “Баярын өдрүүдэд ийм зүйл идээд бөөлжчихлөө”, “Гүйлгэчихлээ” гэж ирдэг хүүхдүүд олон бий.

-Сар шинийн баяраар айл бүр идээ ундаа элбэг байлгаж, ширээ дүүрэн таваг засдаг. Тэдгээрийг хараад хүүхдүүд бүгдээс нь л идмээр санагддаг байх. Бага насны хүүхдийг бөөлжиж, гүйлгэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхэд тавагтай болгоноос авч идсээр ходоод нь түүнийг боловсруулж чадахгүйд хүрдэг. Улмаар бөөлжиж, гүйлгэж байгаа юм. Хүүхдийн нас бага байх тусам олон төрлийн хоолыг хольж идүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. 1-2 настай хүүхэд идэх сонирхол байвч түүнийг нь бие нь боловсруулах чадвар дутмаг байдаг юм. Тийм учраас олон төрлийн хоол нэг дор өгөхгүйгээр, бага багаар идүүлэхийг зөвлөж байна. Хиам, төрөл бүрийн салат, өндөг зэргийг өгөхгүйг хичээх хэрэгтэй. 

-Ханиад туссан бол маск зүүх, бусдаас тодорхой хэмжээнд зай барих гэх мэтээр бид цар тахлаас хойш сургамж аваад байна. Үүний нэг нь сар шинийн баяраар илэрч байна уу гэж харж байгаа юм. “Цагаан сараар золгохдоо хүүхдийг битгий үнсээрэй” гэх уриалга явж байна. Үүнийг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор аль болох хүүхдүүдээ дагуулж олон айлаар битгий хэсээрэй, олон хүнтэй битгий уулзаарай гэж зөвлөмөөр байна. 

Мөн хүүхдийн уруул дээр битгий үнсээрэй. Хацрыг нь хэт их шүлсдэж битгий үнсээрэй. Бидний ам суултуур шиг дотроо маш их нян, бактери, вирус тээж байдаг. Хүүхдийг үнссэн тохиолдолд шүлсээ наагаад, түүнээс болж хүүхэд өвчлөх эрсэлтэй.

Өөрөөр хэлбэл, амьсгалын замын бүх халдвар буюу 200 орчим вирус халдаж байгаа. Мөн гүйлгэлтийн ротавирус, энтровирус халдана.

Хеликобактер гэх мэт хүний аманд 700-аад төрлийн нян, вирус агуулагдаж байх боломжтой. Хүүхдийн уруул, хацрыг шүлсдэж үнссэнээс болж, хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй.

Золголтыг битгий хий гэж хэлж байгаа юм биш. Харин үнсэхдээ духан дээр нь үнэрлэх, ам хамраас хол хэсэгт хөнгөн үнсэх байдлаар золгоорой.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу