“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн билээ.

Шүүх хурал 13 өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн өнөөдөр (2024.01.31) шийдвэрээ танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг,

  • Чингис хаан банканд эдийн засгийн давуу байдал бий болгож, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 40 тэрбум 359 мянга 610 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
  • Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсны улмаас олдсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг санаатай үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон,
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт гэм буруутайд тооцлоо. 

Улмаар,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жил хорих ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.1-р зүйлд зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноолоо. 

Ингэснээр Б.Ганхуяг нийт таван жил 9 сарын хорих ял эдлэхээр болов.

Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг,

  • Зохион байгууллалттай гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10-р зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатайгаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял оноолоо. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу