Зээлээ төлсөн ч Монголбанкны хар жагсаалтад орж хохирсон иргэд өнөөдөр (2024.02.01) хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

Иргэдийн төлөөлөл, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байгаа бөгөөд “зээлээ төлж дуусгасан ч одоог хүртэл хар жагсаалтаас гарч чадахгүй байгаа” тухай бодит жишээгээр тайлбарлалаа. Улмаар эдийн засгийн харилцаанд орох эрхийг боомилж байгаа зэрэг асуудлыг хөндсөн юм.

Энэ талаар Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар: “УИХ-ын гишүүд өөрсдөө банк бусын эзэд, өөрсдөө их хэмжээний хулгай хийчихсэн учраас 10.1 гэдэг хуулийн заалтыг хүчингүй болгож чадахгүй байна. Хар жагсаалтын асуудал бол нэг иргэнд тохиолдоод байгаа зүйл биш. Энэ бол нийт иргэдийн 50 хувьд нь тохиолдож байгаа асуудал. Зээлийн хар жагсаалтаас гарч чадахгүй байна гэдэг чинь санхүү эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байна гэсэн үг. Үүнээс үүдээд нийгмийн бухимдал, ядуурал үүсэж байна. Өнөөдөр зээлээ бүрэн төлчхөөд байхад хар жагсаалтаас гаргадаггүй бодит жишээ маш олон байна. Аливаа улс хөгжье гэвэл иргэдийнхээ хар жагсаалтыг түүдэггүй юм. Сайн түүхийг бүтээх ёстой. 10 мянган төгрөг байсан ч, арван төгрөг байсан ч хар жагсаалтад оруулчихдаг асуудлыг зогсоох ёстой.

Г.Аюурсайхан өнөөдөр хэчнээн тэрбумын хохирол улсад учруулсан байтал гуравхан жилийн ял авч байна. Гэтэл иргэд нь ганцхан өдөр зээл хэтрүүлэхэд 5-6 жил санхүүгийн шоронд орж байна. 

Зээлээ төлдөггүй иргэдийг хавтгайруулж хэлж байгаа асуудал биш, үнэхээр төлөөд дуусчхаад байхад энэ жагсаалтаас гаргахгүй байгаа иргэд маш олон байна.  Иргэдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангаж чадахгүй байна.  Ирэх даваа гарагт төрийн орны баруун хаалга дээр цуглаж УИХ-ын даргад шаардлагаа хүргүүлнэ” гэлээ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу