Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас санаачлан “Сэтгүүлчтэй өдрийн уулзалт”-ыг өчигдөр (2024.01.30) зохион байгууллаа. Уулзалтыг ЖҮХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нээж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй  2024 оны хамтын ажиллагааны саналын талаар харилцан мэдээлэл солилцов.

Уулзалтад Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Сайтын холбоо, Эрдэс Баялгийн Тойм сэтгүүлийн редакц, сонин, телевиз, сайтын төлөөллийн сэтгүүлчид оролцлоо.

Энэхүү уулзалтаар ЖҮХ-ны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулсан юм. Энэ үеэр зарим хэрэгжүүлж буй ажлын талаар товч тодруулга авсныг хүргэж байна.

Тэрбээр, “Боловсролын ерөнхий хуулийн 14-р зүйлд бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад жендэрийн үзэл баримтлалыг оруулна гэж тусгасан. Дэлхийн улс орнуудын туршлагад суурилсан нь маш том алхам гэж харж байна.

ЖҮХ-ны зүгээс нэг асуудлыг тодотгож оруулж ирсэн нь бид жендэр судлалыг академик түвшинд хөгжүүлэх тухай юм. Өөрөөр хэлбэл энэ бол шинжлэх ухааны асуудал, бас хөгжлийн асуудал. Улс орнууд өнөөдөр жендэр судлалыг их дээд сургуулийн магистр, докторын бүтээл, шинжлэх ухааны бүтээл болгоод буцаагаад нөгөө салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болгож гаргахад анхаарч байна.

Тэгвэл өнөөдөр Монгол Улс энэ дээр нэг том алхам алхсан. Тэр нь юу вэ гэхээр Боловсролын ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн байгаа. Бүх шатны албан боловсролын сургалтын агуулга нь жендерийн үзэл баримтлалыг оруулах тухай. Өнөөдөр сурах бичиг хэрэглэгдэхүүн, хичээлийг зааж байгаа багш гэх мэт бүгд жендэрийн ойлголт мэдлэгтэй байх асуудлууд. Өнөөдөр сургуулийн өмнөх насны боловсролоос эхлээд дээд боловсрол хүртэл бүх албан сургалтын боловсролын агуулга нь өөрөө жендерийн хэвшмэл ойлголтоос ангид байдаг. Ямар нэгэн хүйсээр нь ялгаварлаж байгаа асуудал нийгэмд маш олон жишээгээр илэрч байгаа. Тэгэхээр эдгээрийг бид өнөөдөр албан сургалтынх нь агуулгаар нийгэмд ойлгуулах нь чухал юм гэдэгт төвлөрч байна. Тэгэхээр энийг дагаад өнөөдөр бүх шатын хуулиуд нь өөрөө энэ заалтыг дэмжээд явна. Одоо 2024 2025 оноос эхлээд сургалтын хөтөлбөрүүд өөрөө шинэчлэгдээд шинэ хуулиа дэмжээд явахаар бид нар ямар ч гэсэн албан боловсролын системд нь өөрөө энэ Жендерийн үзэл баримтлалд ороод ирэхээр нийтийн жендерийн боловсрол аяндаа 5 жилийн дараа 10 жилийн дараа тодорхой ахиц гарсан байх болов уу?

 Мөн хоёрдугаарт энэ тайлангийн онцлох бас нэг асуудал нь энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн чанартай наслалт. Чанартай гэдэг нь юу гэж байгаа вэ гэхлээр эрчүүдийн хувьд яригдаад байгаа асуудал гэсэн үг. Монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ 10 жил буюу 9,7 жилээр бага насалж байгаа нь Дэлхийн дунджаас 2 дахин өндөр байгаа. Гэхдээ энд нөлөөлөөд байгаа хүчин зүйлүүд дээр нь бид тодорхой арга хэмжээг үе шаттай авах ёстой. Энэ Асуудлууд мөн энэ тайланд дурдагдаж орж ирж байгаа.

 Тэгэхээр энэ бол нэлээд хөндөгдөж байгаа сэдэв. Мэдээж өнөөдөр хүчирхийллийн эсрэг тодорхой арга хэмжээ аваад байгаа ч гэсэн хүчирхийллийн хувь бол буурахгүй байна. Охид эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн гэр бүлийн хүчирхийлэл хүчингийн гэмт хэргийн тоо бол тодорхой хэмжээнд өсөлттэй байгаад байна. Энд чиглэсэн бодлого нь өөрөө тасралтгүй байх ёстой. Холбогдох чиг үүрэг асуудал хариуцсан салбаруудын хамтын ажиллагааны оролцоотойгоор хийгдэх ажлууд их байгаа. Эдгээрийг Жендэрийн үндэсний хороо илүү онцолж олон нийтэд хүргэх ажлуудыг шат дараатайгаар хийж байна” гэлээ.

Жендэрийн үндэсний хорооноос мөн улс төрийн намуудаас жендэрийн эрх тэгш байдлын тайланг тогтмол авдаг болох ажлыг эхлүүлжээ. Ингэснээр улс төр дахь хүйсийн тэнцвэртэй байдлын тухайд хэрэгжүүлсэн ажлууд үр дүнгээ өгөх аж.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу