Канад улсын холбооны шүүгчидтэй туршлага солилцох уулзалт өнөөдөр (2023-03-20) боллоо. Уг уулзалтад Шүүхийн сахилгын хороо, Канад улсын Алберта мужийн Хааны дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад мужийн шүүгчид оролцсон юм.

“Жендерийн мэдрэмжтэй, сайтар хөгжсөн шүүхийн тогтоолын үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” сэдэвт техникийн туслалцааны төслийн хүрээнд уг арга хэмжээ зохиогджээ. Хурлын үеэр төлөөлөгчдийн хэлсэн дараах тодруулгыг хүргэж байна.

Мэри Моро: Канад улсын Алберта мужийн Хатан хааны дээд шүүхийн ерөнхий шүүгч

-Олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад ажиллаж байгаа гол зорилго юм. Иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ гэдэг нь олон нийтэд нээлттэй мэдээллээр хангах ажлаас эхэлнэ гэж үзэж байгаа. Канад улсын хувьд нээлттэй шүүхийн зарчмыг баримталдаг. Энэ зарчмын хүрээнд шүүхийн ажиллагаа, нөхцөл, шийдвэртэй хүн бүр танилцах боломжтой байдаг.

 Шударга ёсыг хэрхэн бий болгож байгаа явцыг иргэн бүр харснаар “Шударга байх” зарчим хангагдана гэх үндсэн агуулгатай үйл явц юм.

Монгол Улсад хоёр дахь удаагаа зөвлөгөө өгч ажиллаа. Шүүх ажиллагааг нээлттэй болгох, хэвлэл мэдээллийнхэн ажиллах боломжтой болгох, шүүх танхимаас сурвалжилга хүргэх боломжийг бүрдүүлэх тухайд хэлэлцээ хийгдэж байна. “Олон нийтийн анхаарал татсан ямар хэрэг шийдэгдэх гэж байгаа мэдээллийг урдчилан хэвлэл мэдээлэлд хүргэх” гэх мэтчилэн ажлуудыг явуулах хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Энэ бүхнийг хийхэд зохион байгуулалт, төсөв батлах зэрэг хугацаа шаардагдана. Ингэснээр нээлттэй шүүх болох бүрэн боломжтой.

Энэ удаад шүүхийн сахилгын хороонд ажиллаж байна. Хорооноос гаргасан статистик мэдээллийн хүрээнд хэлэлцлээ. Шүүхийг сурвалжилах боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд шүүх танхимуудад очиж ажиллана. Орон зай, хэвлэл мэдээллийн ажлын орчин зэргийг судлахаар төлөвлөсөн байгаа.

Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Д.Мөнхзориг: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд мэргэшсэн түвшинд бэлтгэгдэх хэрэгтэй

-Өнгөрсөн жилийн хугацаанд 600 гаруй гомдол мэдээллийг сахилгын хороо хүлээн авсан. Үүнээс 40 орчим шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж, 5 шүүгчийг огцруулах арга хэмжээ авч ажилласан байна. Хувь хүний нууц, байгууллага, төрийн нууцтай холбоотой шүүх хурал хаалттай явагддаг. Хувь хүний мэдээллийг хамгаалах хууль, тогтоомжоор мөн хязгаарлагдаж байгаа. Тиймээс хурлийн тов, шийдэл зэрэг нь хууль эрх зүйн хүрээнд тодорхой хэмжээнд нээлттэй. Харин шүүгдэгчийн хувийн мэдээллийг шууд дамжуулах, иргэдэд нээлттэй болгох нь одоогийн нөхцөлд эрсдэл дагуулж болзошгүй юм.

 Канад улсын туршлагаас үзэхэд цаашид бүрэн нээлттэй болох нь олон нийтийн хардалтыг бууруулна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд мэргэшсэн түвшинд бэлтгэгдэх хэрэгтэй. Бүрэн мэдээллийг нээлттэй авснаар хуулийн хүрээнд хязгаарлалттай дамжуулах ёстой. Түүнээс бусдаар хэн нэгэн иргэн шууд дамжуулалт хийгээд бүх мэдээллийг ил тодоор нийгэмд түгээх нь хор уршиг дагуулах юм. Хууль эрх зүйн орчныг мөн бүрэн гүйцэт болгохоор хэлэлцүүлэг өрнөж байна.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу