Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг төлөөлж найман компани, дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн төв, эдийн засгийн цөм болсон Цахиурын хөндийд нэвтэрлээ. 
• Teso Investment LLC
• Gund Investment LLC
• ICT Group JSC
• ONDO LLC
• Fibo global LLC
• Intelmind LLC
• Gerege Systems LLC
• Mezorn LLC нарын найман аж ахуй нэгж энэ өдрөөс эхлэн Монгол улсын мэдээллийн технологийн салбарын олон зуун аж ахуй нэгжийг төлөөлж эхэллээ. Энэхүү түүхэн өдөр өнөөдөр /2024.02.02/ тохиож байна.
Энэ талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өөрийн цахим хуудастаа, “Цахиурын хөндий нь жилдээ 600 тэрбум ам.доллар эргэлдүүлж, 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудын гарааны цэг.
Манай улсаас AND Global, Fibo Cloud зэрэг олон улсын зах зээлд амжилттай ажиллаж, оюуны бүтээлээ экспортолж байгаа. Тэдгээр компаниудынхаа туулж буй замыг дүгнэж миний бие “Бид дангаараа мөс зүсэхээс илүү Төв Азийн бүс нутгийн экосистемийг түүчээлж, нөөц боломжоо нэгтгэж, улмаар дэлхийн тавцанд өрсөлдөх замыг товчилно” хэмээх санаачилгыг 2023 оны 1-р сард Төв Азийн улс орнуудын мэдээллийн технологийн сайд нартай уулзах үеэрээ дэвшүүлсэн юм.
Энэ санаачилга маань ажил хэрэг болсон нь өнөөдрийн Цахиурын хөндий, Stanford-ийн их сургуулийн дэргэдэх Palo Alto-д байрлалтай “Торгоны замын инновацийн төв” буюу төв азийн 8 орны төлөөлөл, бидний хамтран байгуулсан “Silkroad Innovation Hub” юм.
Цаашид Мэдээлэл технологийн үндэсний парк гүүр нь болж ажиллах энэ төвд манай технологийн компаниуд төв азийн 8 улс орны гарааны компаниудын хамт бойжиж, эхний жилдээ тус төвийн босгох 30 сая ам.доллараас хөрөнгө оруулалт хүртэх боломжтой болж байна. Бид хамтдаа ирэх 7 жилийн хугацаанд бүс нутгаасаа 5 “unicorn” буюу тус бүр 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй технологийн компанийг төрүүлэх зорилгыг дэвшүүлж, түүний төлөө ажиллах болно.
Энэ бол түүхэн үйл явдал. Бид уул уурхайгаас хамааралтай, нүүрсний үнээс шалтгаалдаг нэг өнгөтэй эдийн засгийн хязгаардлагдмал боломж дунд өдийг хүрлээ. Гагцхүү мэдээллийн технологийн салбар бидэнд хүн төрөлхтний хөгжлийн хязгааргүй өрсөлдөөнд ижил тэгш гараанаас хүч үзэх боломжийг санал болгож байна.
Хүн амын 65 хувь нь 35-аас доош насны оюуны өндөр чадамжтай, мэдлэг ур чадвартай манай улсын хувьд энэ салбарт тоглолт хийхэд асар их боломж болон өгөгдөл бий. Монгол залуус, Монгол оюун ухаан, Монгол ур чадвар дэлхийд танигдаж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх эхлэлийг бид хамтдаа тавилаа” хэмээн бичжээ.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу