Ногдол ашгийг ялгавартай олгохыг эсэргүүцэж иргэдийн төлөөлөл өнөөдөр (2024.02.02) хэвлэлийн хурал хийлээ. 

Тэд “Баялагтаа эзэн Монгол” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, эсэргүүцэл зарлаж буй ажээ.

Энэ талаар Г. Хажидмаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудаас бусад хүмүүс
ногдол ашгаа авчээ. Гэхдээ үүнд иргэд сэтгэл гонсгор байна. Учир нь 2016 онд тухайн үеийн Засгийн газар буюу Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс сонгуульд санал авахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудын хувьцааг луйвардаж авсан.

Үндсэн хуульд Монгол Улсын иргэнийг ялгаварлан гадуурхахгүй хэмээн заасан байдаг. Гэтэл өнөөгийн Засгийн газар ард түмнээ ялгаварлан гадуурхаж ногдол ашгийг нь маш зөрүүтэйгээр өгч байна. Жишээлбэл, 2016 онд 14 настай байсан хүүхэд өнөөдөр 7000 төгрөг авчээ. Ийм луйвар их гарч байна.

Энэ мэтээр ногдол ашгийг зөрүүтэй өгч байгааг Засгийн газар “таван цаас” луйвардах гэсэн арчаагүй байдал үүсгэлээ гэж хардаж байна.

Ногдол ашиг өгнө хэмээн өнгөрсөн сард Засгийн газрын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч энэхүү тогтоолын төсөл замхарч алга болсон. 34 хувь гэж ард түмнийг баярлуулж байсан мэдээлэл УИХ руу ороод дарагдчихсан. Ирэх хоёрдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан болно.

Энэ хурлаар Засгийн газрын оруулсан тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, нас барсан иргэдийн хувьцааг үр хүүхдэд нь өвлүүлэн өгөхийг шаардаж байна.

Иргэн бүрдээ эзэмшүүлсэн хувьцаагаа үр хүүхдэд нь өвлүүлж байж энэ нь амьтай болно.

Мөн өмнө нь ярьж байсанчлан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 34 хувийг иргэдэд эзэмшүүлэхийг шаардаж байна.

Судалгаагаар үзэхэд, 2023 оны ногдол ашгаар нэг хүн дор хаяж 500 мянган төгрөг авах боломжтой байсан. Үндсэн хуульд Монгол Улсын ихэнх баялгийг ард түмэнд хуваарилна гэж заасан байдаг. 2012 оноос хойш Засгийн газар, төрийн түшээд нараас нэг ч хүн энэ асуудал анхаарлаа хандуулаагүй. Үүний талаар 20 хүрэхгүй иргэн хоёр жилийн турш шаардсаар байсан ч цагдаагийн байгууллагаас дарамталсаар байна. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг шүү. Ногдол ашгийг өгдөг болтол нь бидэнтэй нэгдээрэй гэж иргэдээсээ гуйж байна.

Ардчилсан нам болон Монгол Ардын намыг 2024 онд битгий сонгоорой гэж уриалъя.

Миний зорилго бол ядарсан иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх. Ногдол ашиг аваагүй хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрт гарсан хүн, иргэдийн өмнөөс ярьж байна. Төрийн ордны баруун талд хоёрдугаар сарын 5-нд 11 цагаас ногдол ашиг аваагүй бүх иргэн цугларч жагсаал хийнэ.

Тэрэгтэй нь тэргээ түрээд, таягтай нь таягаа түшээд хүрээд ирээрэй гэж уриалж байна” хэмээн хэллээ.

А.НОМИН-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу