Dobu.mn сайт өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН АЛБА ХААГЧДЫГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЭВ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Дүнжингарав” худалдааны төвийн урд нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас голомтод ажиллаж байсан Онцгой байдлын албаны гурван алба хаагч амь эрсэдсэн билээ.

Тодруулбал, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагч Ш.Амгаланбаатар, Д.Барсүрэн, Э.Түвшинтөр нар гамшиг ослоос иргэдээ авран хамгаалахаар өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан юм.

Тэдэнд хүндэтгэл үзүүлэх ёслол нэгдүгээр сарын 29-ний үүрийн 04.00 цагт “Аврагч” спорт хороонд боллоо. Тус ёслолд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид оролцон, алба хаагчдыг эцсийн замд нь үдлээ.

Т.АЮУРСАЙХАНД ГУРАВ, Б.ГАНХУЯГТ 5 ЖИЛ 9 САРЫН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн билээ.

Шүүх хурал 13 өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн өнөөдөр нэгдүгээр сарын 31-нд шийдвэрээ танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг,

  • Чингис хаан банканд эдийн засгийн давуу байдал бий болгож, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 40 тэрбум 359 мянга 610 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
  • Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсны улмаас олдсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг санаатай үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон,
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт гэм буруутайд тооцлоо. 

Улмаар,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жил хорих ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.1-р зүйлд зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноолоо. 

Ингэснээр Б.Ганхуяг нийт таван жил 9 сарын хорих ял эдлэхээр болов.

Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг зохион байгууллалттай гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10-р зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатайгаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял оноолоо. 

  • Б.Отгонжаргалыг 2021.07.22-ны өдрөөс 2022.10.27-ны хооронд өөрийн хөрөнгө болох 30 мянган ам.доллар буюу 101 сая 580 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь хууль ёсных эсэхийг тайлбарлаж чадаагүй гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн үндэслэлгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Б.Отгонжаргалыг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, ХОЁР жил ЗУРГААН САР хорихоор болсон. Түүнчлэн 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оноов.
  • Т.Аюурсайханы дүү Т.Түвшинбаатарыг баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн өгсөн гэм буруутайд тооцож 450 мянган төгрөгөөр торгосон.
  • “Лаки лайф” ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөрийг өөртөө давуу байдал бий болгох, хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
  • Говийн IX ноён хутагт Данзанлувсантүдэвийг үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж дүгнэн 450 мянган төгрөгөөр торгосон.
  • Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандыг гэрчийг худал мэдүүлэг өгөхөд зориудаар ятгасан гэм буруутайд тооцож нэг сая төгрөгөөр торгов.
  • “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигийг хахууль өгсөн гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгов.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаярыг мөнгө угаасан, хахууль авахад хамтран оролцсон гэм буруутайд тооцоод зорчих эрхийг зургаан сар, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хаслаа.
  • “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадоржийг мөнгө угаасан, хахууль авахад хамтран оролцсон гэм буруутайд тооцоод зорчих эрхийг зургаан сар хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял оноолоо.

ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ЦУЦЛАВ

Замын түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийсэн. Сар гаруй хугацаанд хэрэгжсэн шийдвэрийн хугацаа нэгдүгээр сарын 31-нд дуусав. Тус зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэхэд иргэдийн саналыг харгалзаж шийдвэр гаргахаар болсон. Улмаар иргэдийн дийлэнх нь дэмжээгүй тул дугаарын хязгааралтыг цуцаллаа.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Автомашины дугаарын хязгаарлалт болох тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй. Албаныхны гаргасан шийдвэрийг хүндэтгэж сар гаруйн хугацаанд улсын дугаарын тэгш сондгойгоор оролцсон иргэддээ баярлалаа. Тэг зогсолтод нийслэл даяар орохгүйн тулд үүнээс өөр зохицуулалтын түр арга байхгүй. Гэхдээ бид шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх дээр иргэдээс сүүлийн гурав хоног санал авсан.

Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 55 хувь тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй. Тиймээс хуучин журмаар буюу 1,6, 2,7, 3,8 гэдэг 4,9, 5,0 дугаараар тодорхой өдөр хуваарийн дагуу тээврийн хэрэгсэлтэй иргэд хөдөлгөөнд оролцоно” хэмээсэн юм.

ИРГЭД ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА ХҮРТЛЭЭ 

Засгийн газрын Лхагва гарагийн (2024.01.31) ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг байна. Үүнээс 351 тэрбум төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон өгч байна. Нэгж хувьцааны ногдол ашиг нь 108 төгрөг.

Ингэж үзвэл 2022 оны 1,072 хувьцааны ногдол ашиг нь татварын дараах дүнгээр 104,000 төгрөг болж, өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ. Харин шинээр хувьцаа авч буй 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдийн мөнгө хүүхдийн мөнгөний дансаар нь шилжинэ. 104,000 төгрөг бол татвар суутгагдсан дүн.

Тодруулбал 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийн брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд нь орно. Шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хувьцаа эзэмшигчийн хувьцааны мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжиж орохоор зохицуулагдсан.

2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шууд орно. Татвар суутгагдаж, нэг иргэнд олгогдох дүн нь 257,000 төгрөг болж байна. 

Үндсэндээ 2022, 2023 оны 1,072 хувьцааны ногдол ашиг болох 362,000 төгрөгийг татварын дараах байдлаар ард иргэдийн гар дээр олгохоор болж байна” хэмээн хэлэв. 

“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” ЧУУЛГАН БОЛОВ

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр санал, дүгнэлтээ нэгтгэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Бид хоёр өдрийн турш Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн тухай, бүсүүдийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлогын тухай санал солилцож нэгдсэн ойлголтод хүрлээ. Та бүхний оролцсон хэлэлцүүлэг, дэвшүүлсэн саналуудад үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, орон нутагт иргэдийн дунд хэлэлцүүлээд эцсийн хувилбараа Улсын Их Хурлаар батлуулах болно” гэлээ. Энэ саналаа ч Улсын Их Хурлын даргад өнөөдөр танилцуулсан байна.

Түүнчлэн бүс бүр ялгаатай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд улс төрийн намууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, бодлого шийдлээ дэвшүүлэх боломжтойг хэллээ.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулснаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

Хоёр өдөр үргэлжилсэн чуулганд нийт 2775 төлөөлөгч оролцож 400 орчим санал гаргасныг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дүгнэлтдээ дурдаад зургаан бүсийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойлсныг танилцууллаа.

Хангайн бүсийн тэргүүлэх чиглэл

Төрөлжсөн аялал жуулчлал  (археологи, амралт, рашаан сувилал, шашин)

Баруун бүсийн тэргүүлэх чиглэл

Баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ,

Хойд бүсийн тэргүүлэх чиглэл

Шинжлэх ухааан техонологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан

Төвийн бүсийн тэргүүлэх чиглэл

Эрчимжсэн ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал

Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл

Боомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал

Говийн бүсийн тэргүүлэх чиглэл

Уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл

Эдгээр тэргүүлэх чиглэлийг дэмжсэн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээ, ажиллах хүч, нийгмийн үйлчилгээний тогтолцоо болон татвар, хөрөнгө оруулалт эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах талаар бүс тус бүрдээ тодорхойлоод саналуудаа эцэслэж нэгтгэхээр тогтлоо.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу