Улаанбаатарын хамгийн хойд гэр хороололд бүх юмс алс хол юм шиг санагдана. Тиймдээ ч цагаан сарын өдрүүдэд манайхыг зорин ирэх ах дүүс, хамаатнуудаа хараад баярлана гэдэг л хамгийн сайхан зүйл байж дээ. Ээжийн маань талын хамгийн ахмад настай нь болох хоёр хөгшний гар дээр би хүн болсон юм. Тэр утгаараа ч хамгийн олон хүн манайд цуглардаг өдөр бол цагаан сар.
Хамгийн тод санадаг сайхан дурсамжтай нэгэн өдрийн тухай хуваалцах гэсэн юм. Таны туулж өнгөрүүлсэн хугацааны аль нэг хэсэгт тодоос тод үлдсэн дурсамж байдаг л биз дээ. Минийх ч бас яг тийм тодоос тод өнгөт зураг шиг дотор хадгалагдсан юм даа.
“Арав гаран л настай байсан болов уу. Хамгийн их хүлээлттэй өдрүүд хэдийнээ эхэлсэн буюу дөрвөн ес дуусаж байсан үе. Өглөө хичээлдээ гарч алхахад үүр хаяарах яагаа ч үгүй юм шиг тас харанхуй байхыг яана. Гэр хороолол хэдий ч зуслан шахуу цөөхөн айлтай газар байлаа. Замд туулай, хярс зэрэг тааралдах энүүхэнд. Сургуульдаа хүрэхэд цан хүүрэг савсуулж, ороолт малгай хөлдчихсөн, цасан хүн шиг л амьтан очдог байлаа.
Битүүний өдөр хичээлээ тараад, гэрийн зүг алхлаа. Урь орчихсон юм шиг гадаа хачин дулаахан. Замын дагуу алхах хүн цөөхөн буюу бараг л хүн үзэгдэхгүй. Хөшиглөж униартсан утаан дунд хотын төв харагдана. Харин гэрийн зүгт бол уул, ой мод, алсын хөх униар болоод гэрлийн олон утас л нүдэнд торно.
Ойролцоох айлууд хашааны цасыг цэвэрлэж, зам гаргах, гэрийнхээ цасыг буулгах, хашааныхаа хаалга зэргийг засаж сэлбэн, ажил ихтэй байх ажээ. Би замын цас, чулуу зэргийг сонжин алхсаар замынхаа уулзварт ирлээ. Гудамж эргээд, өгсүүлэн харвал ойр тойрны хүүхдүүд аль эрт худаг дээр цуглаад эхэлжээ.
Би ч хоцорсон янзтай шүү. Өөд газарт шалавхан алхахдаа өөрийгөө их л том болсон хүнээр мэдэрнэ. Амьсгаадан гэртээ орж ирвэл эмээ хоймрын авдарт нар бараадан суугаад, өвөөгийн шинэ дээлийг хавж сууна.
Гадна пингээс хөлдөөсөн боорцог оруулж гэсгээгээд, данхтай цайгаа гал дээр тавьчхаад, хувцсаа солино. Өвөөгийн хуучин дээлийг өмсөөд гарахад аанай л том болчихсон юм шиг эд хав төрж, мод чулуутай л ноцолдмоор санагдахыг яана.
Цай буцалмагц боорцог цайгаар гэдсээ дүүргэж аваад, түлээний ажилд гарлаа. Харин өвөө харагдахгүй бөгөөд хаашаа явсныг нь ч асуухаа мартаж. Түлээний амбаарын хажууд наран ээвэрт суугаад, түлээ хөрөөдлөө. Үдийн нар дулаахан илчтэй бөгөөд гэрийн дутуу буулгасан цас үл ялиг хайлж, уурших нь чийг ханхийлгэж, хавар болчихсон мэт.
Уулын энгэр цав цагаан хэвээрээ байх ч хэдхэн хоногийн дараагаас цоохортон ханзрах биз. Тэгмэгц нэг сайхан уулаар алхаж гүйх юм шүү гэж дотроо бодоод, хэзээний настай хүн шиг лагхийтэл суугаад, холыг хардаг сан.
Өвөө орж ирлээ. Хашааны хаалга онгоймогц босон харвал усны тэрэг түрж, дээр нь хайрцаг, шуудайтай хэсэг зүйлс овоолжээ. Би гүйн очиж үнсүүлээд, тэргээ түрсээр гэрийн үүдэнд ирлээ. Өвөөгийн урт цагаан сахал цантаж харагдах бөгөөд зарим газар нь хөлдүүс үүсжээ. Булган малгайныхаа өрөөсөн чихийг буулгаж, нударга дотроо гараа зангидсаар араас ирлээ. Хоёр хайрцагтай зүйл, нэг шуудайтай мах, бас бус баахан ууттай юм зөөлөө.
Өвөө цагаан сарынхаа зүйлсийг авчирчээ. Шалавхан намайг “бүрхээр” оруулж, галаа түл гэлээ. Амбаарт хураалттай зүйлсийн ард байсаар ирсэн 20-ийн ширмэн тогоогоо мөн орууллаа. Зууханд гал ноцож, тогоон дээр ууцаа бүрхээртэй нь бэлдээд, өвөө маань дэргэд нь галаа тааруулан сууна. Өдөржин унтраастай байсан зурагтаа асааж, бөхийн барилдаан мөн үзнэ. Би гадна ажлууд дууссан тул гэрт орж, цэвэрлэгээгээ эхэлнэ. Эмээ дээлээ оёж дуусжээ. Эвхэж хоймрын авдарт хийгээд, зүү утасны хайрцгаа далд хийлээ.
Халуу дүүгсэн гэрийн тооныг гаднаас нь харвал уур савсан харагдана. Үд өнгөрч, нар аажуухан уулын араар тонгойно. Дүү нар өдрийн ээлжид хичээл нь орсон тул оройхон ирнэ. Хойд гудамжны айлууд ч мөн ажил ихтэй, орж гарч харагддагсан. Гэр хороолол нам гүм болж дуниартана. Галын илчинд гараа ээнгээ бөх үзэх өвөө маань үе үе зүүрмэглэнэ.
Харин эмээ хоолны зарим бэлтгэлийг шалгаад, цагаалгын өрөм, аарц зэргийг бэлдэх аж. Ийнхүү харанхуй болмогц ажил цэгцэрч, битүүлгийн ширээ заслаа. Авдраас нэг ууттай юм, амбаараас ч нэг хайрцагтай юм гээд, гэр дүүрэн л гоё сайхан юм боллоо доо.
Тэр жил өвөө, эмээ маань 80 нас зооглож байсан байх. Том модон хул дээр хэвийн боовоор идээ засаж, бусад зүйлсийг дагалдуулан тавина. Өвөө бурхан тахилаа засаж, тоосыг нь арчаад, идээний дээж тавьдагсан.
Шинийн нэгний өглөө эртлэн босож, “Жадамба” судраа дэлгэн, салхи оруулах бөгөөд барин тавин уншсаар шинийн таван гэхэд хураадаг байлаа. Олон хүн орж гаран, ажил ундарч, нүд ирмэхийн зуурт сар шинийн баяр улирдаг ч байсан байж мэднэ.
За ингээд л яах ийхийн зуургүй битүүний өдрөө ёсчлон өнгөрөөгөөд, шинийн нэгэнтэй золгоно доо. Өглөө эрт бид өвөөгийн тангад ном унших дуунаар сэрнэ. Зуухан дээр цай буцалж эмээ маань сүлэрсэн шаргал цайны уурыг нь савсуулан самарч зогсоно.
Гүнгэрваа дотор арц уугьж, унзад хоолойгоор өвөөгийн унших номын эгшигт тооно өөд утаа нь угалз шаглаа аятай л хөвөрч харагддагсан. “Цагаан маараль”-иар бүтээсэн идээгээ сэргээж, эл өдрийн ажил ёс жаягийн дагуу эхэлнэ дээ. Өвөө маань мөр гаргаж, хойд овоон дээр идээний дээж өргөн ёслоход нь би хамт явна аа.
Хахир хүйтэн байлаа ч өвөөгийн хажууд хэнээс, юунаас айх билээ дээ. Харин гэртээ буцан ирэхэд хамаатны ах дүүс хэзээний ирчихсэн, өвөөг хүлээж байдаг байлаа. Бид гэрийн ажлыг амжуулж, ирсэн гийчдэд үйлчлээд, мөн бүх л хамаатантайгаа золгоно.
Бид эхээс долуулаа бөгөөд бусад айлын хүүхдүүдээс өөр өссөн болов уу. Айл хэснэ гэж байхгүй шахам, хамаатан садан өөрсдөө өвөө эмээ дээр маань ирж, бүр хувь, бэлгээ аваад ирдэг байж билээ. Биднийг өсөж том болж, ажилсаг сэргэлэн болсныг тэд магтах нь жилийн хамгийн сайхан өдөр шүү дээ.
Өнөр өтгөн, энгийн сайхан амьдарч байгаагаа хамгийн сайхан зүйл гэдгийг мэдрэх чухал өдрүүд юм. Хэсэг хүмүүс ирээд явсны дараа ширээгээ сэлбэж засаад, авсан бэлгүүдээ сонжин үзэцгээнэ. Энийг тэрүүгээр сольё, минийх ийм гоё гээд л, хажуу орон дээр дэлгэж өгнө дөө.
Харин удалгүй дахин хүмүүс ирэх тул нэг нь эмээд тусалж бэлэг сэлт цэгцэлнэ, би дүүгээ дагуулан гал түлээ бэлдэнэ, эгч хоол цайгаа бэлдэнэ гээд хөл хөдөлгөөн дахин сэргэнэ. Иймэрхүү маягаар л баярын өдрүүд нүд ирмэх зуур өнгөрдөг сөн.
Болдог сон бол дахиад тангад номын дуунаар сэрж, эмээгийнхээ цайг уучхаад, золгох гээд догдлох сон. Хамгийн тансаг мэтээр сэтгэлд үлдсэн тэр ахуйнхаа бүх зүйлийг санан дурсаж, нандигнаж явдаг учир цагаан сараар ойр тойрныхоо настан дээр заавал очиж золгох юм шүү гэж боддог болсон доо.
Тохойг нь түшин золгож, духаа үнэрлүүлээд, он жилүүдийг улираасан нүдийг нь харахад өвөө, эмээтэйгээ уулзсан юм шиг болдог юм. Энгийн л нэг хүний амьдрал атал зарим дурсамж нь үүрд хүний сэтгэлийг хөглөн, өнгө оруулж, зам мөрийг нь чиглүүлдэг ч байж болох юм.
Энэ жил төрлийнхөө аль нэг настан дээр заавал очиж, бага насаа дурсах болно. Тэгээд ямар ч хамаагүй бэлэг авч, өвөртөө хийгээд, “Удахгүй дахиад ирнэ” ээ хэмээн ерөөл  тавин суух сан. Энгийн, ийм тансаг өдрүүд бидний уламжлалт ёсонд байгаад талархъя.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу